
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татах хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, сахилга батыг сайжруулах тал дээр бид хоёр гараа өргөөд дэмжинэ. Зөрчил нь юу вэ гэхээр хэрэгжүүлэх арга зам дээрээ байна.
Өнгөрсөн хугацаанд Үндэсний эвслийн зүгээс зөвхөн ёс зүйн асуудлаар эгүүлэн татах тал дээр эсэргүүцэж буйгаа илэрхийлэн албан ёсны мэдэгдэл гаргасан. Үүний дараа ерөнхийлөгчтэй зөрчилдөж байгаа мэт мэдээлэл цацагдаж эхэлсэн. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, сахилга батыг нэмэгдүүлэх талаар хэрхэн яаж ажиллах тал дээр хамтран ажиллахад бэлэн байна.
Төр иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа нь үнэн. Гишүүдийн гаргаж байгаа ёс зүйгүй үйлдэл үнэхээр уур бухимдал хүргэдэг. Гэхдээ төр гэдэг нь зөвхөн УИХ-ын гишүүд биш. Тэр утгаараа төрийн өндөр дээд албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барихаар бэлтгэсэн.
Энэ хууль хэрэгжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Ерөнхий шүүгч, прокурор, АТГ-ын дарга гэх мэтчилэн нийт 50 гаруй төрийн өндөр дээд албан тушаалтны эрхийг хамгаалах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, хариуцлага тооцох, албан тушаалд байгаа болон буусны дараа эрх зүйн хязгаарлалт хийх нь энэхүү хуулийн гол агуулга.
19 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар, мөн хоёр хуулийг шинээр өргөн барина. Энэ хуулийн хүрэх үр дүн нь ерөнхийлөгчийн уриалаад байгаа ёс зүй, сахилга батыг нэмэгдүүлье гээд байгаа нь өөрөөс нь эхлээд бүгдийг нь хамарна. Энэхүү хуулийг баасан гарагт Н.Учрал даргад танилцуулна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )