"Номт наран" сургууль МЭДЭГДЭЛ гаргажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цахим орчинд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг цацагдаад байгаа билээ. Уг хэрэгт 8 сурагчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд дээрх сурагчдын нэг нь суралцдаг "Номт Наран" сургууль албан ёсны мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд: 

Цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад буй үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой дүрс бичлэг цацагдсан нь ахлах ангидаа манай сургуульд шилжин ирсэн нэр бүхий нэг сурагч холбогдоод буйд сургуулийн зүгээс анхааралдаа авч, цагдаагийн байгууллагатай хамтран зохих журмын дагуу ажиллаж байна.

Хэдий энэ үйлдэл нь сургуулийн орчинд болоогүй ч дүрс бичлэгт гарч буй хүүхдүүдтэй дээрх сурагч хамт байгаад бид харамсаж, мөн олон нийтээс хүлцэл өчиж байна.

Ерөнхий боловсролын сургуулиуд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүүхдийг хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг эерэг зан үйл, дадал хэвшилд сурахад анхаарч ажилладаг.

Хүүхдийн хүмүүжил, зан төлөвийн байдал нь дан ганц тухайн суралцагчийн суралцаж буй сургууль, анги хамт олноос нь хамааралтай биш байдаг тул тухайн үйлдэлд хамааралгүй, хичээнгүй суралцаж буй бусад суралцагчдын суралцах эрхэд халдахгүй байх, олон нийтийн сүлжээнд сурагчдын зураг, постер дор сөрөг сэтгэгдэл бичихгүй байх, мөн багш сурагчдын зургийг хуулбарлан буруу ташаа мэдээлэл тараахгүй байхыг олон нийт болон мэдээллийн сайтуудаас хүсье.

Бид энэхүү асуудлыг сургуулийн дотоод журмын дагуу шийдвэрлэх ба ёс зүйгүй аливаа үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Цаашид элсэлтийн журмаа сайжруулан шинээр шилжин ирж суралцах сурагчдын мэдээллийг сайтар нягтлан шийдвэр гаргаж байхаа нийт эцэг эх, асран хамгаалагч нарт мэдэгдэж байна гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top