Лондонгийн ICE бирж дээр энэ оны тавдугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 112 ам.долларыг давсан нь 2022 оны тавдугаар сараас хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Газрын тосны үнэ огцом өсөж байгаа нь АНУ, Израилын Ираны эсрэг хийж буй дайн Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлтийг удаан хугацаанд тасалдуулна гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэж шинжээчид тайлбарлаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Израилын тал Иранд хүчтэй цохилтуудыг өгснөөс хэд хэдэн газрын тосны агуулахууд өртжээ. Бүс нутгийн газрын тосны нийлүүлэлт тасалдсан нь дэлхий даяар үнэ өсөхөд хүргэх эрсдэлтэй.
Өнгөрсөн долоо хоногт зах зээлүүд харьцангуй тайван байсан. Олон сая баррель газрын тос болон байгалийн шингэрүүлсэн хий Ормузын хоолойгоор нэвтрэхэд асуудалтай тулгарч, Персийн буланд гацаад байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь хамгийн чухал асуудал болжээ. Зарим шинжээчид хэрэв хоолой энэ сарын сүүл хүртэл хаалттай хэвээр байвал газрын тосны үнэ 150 ам.долларыг давж, дээд үзүүлэлтэд хүрнэ гэж болгоомжилж байна
Үнийн өсөлт бензин болон онгоцны түлш мөн бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай гол түүхий эдүүдийн үнийг өсөхөд хүргэнэ.
Персийн булангийн орнуудын газрын тос болон байгалийн шингэрүүлсэн хийн гол хэрэглэгчид нь Азийн зах зээл хэвээр байгаа. Азийн худалдан авагчид АНУ-ын байгалийн хийн үнийг нэмэгдүүлж байна. Тиймээс Европ руу чиглэж байсан танкерууд Атлантын далайд чиглэлээ шууд өөрчилж байгааг шинжээчид анхааруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үнийн өсөлтийн талаар ярихдаа Ираны цөмийн аюулыг устгасны төлөөх “багахан хэмжээний төлөөс” хэмээн нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )