“Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгөн дэмжлэгийг шат дараатай нэмэгдүүлэхийг зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. 

Нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Энэ өдөр эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлыг хөндөн тавихын зэрэгцээ эмэгтэйчүүддээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд эхчүүд, эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсний зэрэгцээ Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Уг хуулийн төсөлд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүний аль нэгийг ХАОАТ-аас чөлөөлөх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн зээлд хамрагдах бол дарааллыг урагшлуулах зэргээр гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, хүн ам зүйн бодлогыг дэмжсэн зохицуулалтыг тусгаад байна.

Монгол Улсын жендэрийн үзүүлэлт олон улсын хэмжээнд 20 байраар ахисан мэдээг хуваалцахад таатай байна. Энэ амжилтаа бататгаж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улам нэмэгдүүлэхэд Засгийн газар түүчээлэн ажиллах болно.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, ажилдаа буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгөн дэмжлэгийг шат дараатай нэмэгдүүлэхийг зорьж байна.

Эмэгтэйчүүд та бүхэн аз жаргал, хайр, энхрийллээр дүүрэн байх болтугай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.30) 47 минутын өмнө

Манай улсад мөнгө байхгүй.

0  |  0
Top