САНАХ ОЙ | Хуулийн хайчинд эргэсэн Ч.Сайханбилэгийн түүх

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийнхөө ч, өрөөлийн ч намынхны аманд багтаж, залгигдах дээрээ тулсан учраас АНУ руу зугтсан. Өөрөө бол зугтаагүй л гэдэг юм. Гэхдээ л зугтчихсан. Ер нь Монгол Улсын түүхэнд намаа тонгорч хаяад, өрөөлийн намын аманд багтсан түүн шиг намтар баян түүхтэй улстөрч бараг байхгүй дээ. “Дубайн гэрээ”, “Эрдэнэт”-ийн 49%, Захиргааны хэргийн шийдвэрүүд гээд цаг хугацааны болоод гаргасан шийдвэрийнх нь хурц ир түүнийг ийнхүү зугтахад хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд чухам юу болов гэдгийг товч зураглая.


Ганхсан тавцан дээрх Ерөнхий сайд

Ардчилсан нам түүхэндээ хоёр удаа л олонх болж засаг байгуулах хувь заяа тохиосон. Хоёр дахиа олонх болсон Ардчилсан намын засаглалын хоёр дахь Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг. Нэг ёсондоо өөрийн намынхны ганхуулсан тавцан дээр тэр Ерөнхий сайд болж, “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрыг байгуулсан юм. Сайдуудаа томилох гэж бараг сар гаруй болж, тухайн үеийн МАХН-ыг хадаг барин урьж байж засаг нэг юм байгуулагдсан. Уг нь Ардын намынхныг урьсан ч мордохын хазгай болсон энэ засгаас Ардын намынхан өөрсдөө гарч одсон. Дараа нь гарах шийдвэрүүдийг харах юм бол түүний толгойлсон Засгийн газарт “Шийдлийн” гэхээс илүүтэй “Шийдсэн” гэх тодотгол л илүү зохих мэт. “Дубайн гэрээ”, Хятадын зээл, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээл босгосон ч зээлүүд нь даацаа даваад талийсан.

Дараа нь гарах шийдвэрүүдийг харах юм бол түүний толгойлсон Засгийн газарт “Шийдлийн” гэхээс илүүтэй “Шийдсэн” гэх тодотгол л илүү зохих мэт.

"Дубайн гэрээ"

Түүний автороор “Дубайн гэрээ” гэж нэрлэгдэх болсон Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан юм. Талууд “Дубай” хотноо гарын үсэг зуралцсан учраас өнөө бидэнд “Дубайн” гэх газар орны нэршлээр илүү хоногшжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” болон “Оюу Толгой” компаниуд гарын үсэг зурсан. Гэрээнд гүний уурахйн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох төлөвлөгөөг тусгасан юм. Уг гэрээгээр Монгол Улс татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр төслийн нийт үр ашгийн 53% хүртэх боломж гэж тооцсон. Гэвч Монголын талын эзэмшиж буй 34%-д ногдох хөрөнгө оруулалтын зардлыг зээл хэлбэрээр тооцсон нь маргаан дагуулсан юм. Үүнээс л дараа, дараагийн асуудал хөвөрнө. Манай тал ч хууль зөрчсөн гэж үзээд, хөрөнгө оруулагчид ч төлөвлөгөөний мэдээлэл нээлттэй биш, хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлсэн гэж үзэн маргаж, маргаж ковидын үеэр нэг юм тохиролцоонд хүрсэн юм.

Монголын талын эзэмшиж буй 34%-д ногдох хөрөнгө оруулалтын зардлыг зээл хэлбэрээр тооцсон нь маргаан дагуулсан юм.

Дэгээ болсон Эрдэнэт

ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдах саналыг 2016 онд гаргаж, Монголын талаас Худалдаа хөгжлийн банк болон түүний охин компани болох “Монголын зэс корпорац” уг хувьцааг худалдан авсан юм. Ерөнхий сайдын хувьд Ч.Сайханбилэг энэ үйл явцыг дэмжсэн. Улмаар 2016 оны сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо” гэж олон нийтэд мэдэгдсэн түүхтэй. Гэвч энэ мэдэгдэл нь Ардчилсан нам сонгуульд ялагдах гох дэгээ болж хувирахыг тэр лав таагаагүй байх. “Эрдэнэт” гэх саалийн үнээ бүтэн бүлээнээрээ манай хашаанд ирэх сайхан ч үнээг хэн авч, хашаанд хэн оруулж байгаа нь үндсэндээ хууль зөрччихсөн байсан. Тухайн үедээ ил болоогүй ч хожим хойно нь улсын стратегийн томоохон үйлдвэрт хувь эзэмшил шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой байтал Засгийн газар шууд шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон. Нөгөөтээгүүр Худалдаа хөгжлийн банкны авсан зээлийн эх үүсвэр, төлбөрийн чадварын талаар эргэлзэж харууштай зүйлс байсан юм.

Тухайн үедээ ил болоогүй ч хожим хойно нь улсын стратегийн томоохон үйлдвэрт хувь эзэмшил шилжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой байтал Засгийн газар шууд шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.

Ингээд өөрийнхөө дэгээ, өрөөлийн намын дээш нь татах дэгээ болсон “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлэх явц маргаантай байсан ч Ардын нам үүнийг өөрсдийнхөө талд ашигтайгаар эргүүлж 2017 онд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан түүхтэй. Хожим нь 2018 онд Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах процесс Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн.

Дүрвэн дутаав

Цаг хугацааны ч, гаргасан шийдвэрүүдийн ч, хуулийн ч хайчинд орсон Ч.Сайханбилэг 2019 онд эх орноосоо зугтсан. Ингэж зугтах нь ч учиртай. “Монгол ялна” гэх лоозонгоор Ерөнхийлөгч болсон Х.Баттулга түүний Засгийн газрыг хууль зөрчсөн гэж барим тавим илэрхийлж, Ардчилсан намын зарим гишүүн түүнийг шүүхээр асуудлаа шийд гэж шахах болсон. Нэгэнт байдал түүний эсрэг эргэсэн учраас энд байх нь түүнд ашиггүй. Дүрвэж дутаасан шалтгаан нь ч ийм.  

Шүүхийн шийдвэр

Ч.Сайханбилэг дүрвэн дутаагаад удаагүй байтал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр түүний Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзэв. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрвөн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн.


Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана”


Үүнийг албаны хүн тайлбарлахдаа “Маргаан бүхий дөрвөн захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2, 17.3, 20.3, 23.3-т зааснаар Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой, УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох зэрэг хуулийн заалтыг биелүүлээгүй гэж дүгнэсэн” гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал ярьж байжээ.

Гаднын өмгөөлөл

Шүүхийн шийдвэр гарч, Цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсний дараа олон улсын хуулийн фирм Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон. “Амстердам Партнерс”  олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газар 2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх хэрэг нь улс төрийн зорилготой бөгөөд гэм бурууг нь хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэх агуулгатай мэдэгдэл гаргаж, өмгөөлнө гэдгээ зарлалаа. Тус хуулийн фирмийн үүсгэн байгуулагчдын нэг Роберт Амстердам Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдох хэрэг нь улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах гэсэн үйлдэл гэж харж буйгаа мэдэгдсэн. АНУ-ын Вашингтон болон Их Британийн Лондон хотод хоёр салбартай “Амстердам Партнерс” компани Оюутолгойн далд уурхайн гэрээний нөхцөл байдал, гарын үсэг зурсан процессыг Ч.Сайханбилэгийн нэрийн өмнөөс нарийвчлан судална гэдгээ ч илэрхийлж байв.

Зарвал ч зарчих

Тэртээ тэргүй хуулийн хайчинд хэрчүүлэх гэж буй Ч.Сайханбилэг бас нэгэн мэдэгдэл хийгээд тэр нь энд олон хүний эгдүүг хүргэсэн. Австралийн эдийн засгийн “The Australian Financial Review” сонинд 2020 оны есдүгээр сард Ч.Сайханбилэг Монголын тал “Оюу толгой”-д эзэмшиж буй 34 хувийг зарах нь магадгүй хамгийн тохиромжтой хувилбар байж болох тухай ярив. Тэрээр ярихдаа “Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хялбараар шийдэх ёстой гэсэн санааг дэмждэг. Миний бодлоор манай талаас хамгийн тохиромжтой хувилбар бол одоо эзэмшиж буй 34 хувийг “Рио Тинто” эсвэл өөр гуравдагч этгээдэд зарах ёстой. Дараа нь татварын зохицуулалтыг дахин тохирч, төрөөс татвар болон бусад байдлаар ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь зүй” гэжээ.

Pandora Papers

Хуулийн хайчнаас бултаж, зугтаж байхтай зэрэгцээд 2021 онд “Pandora Papers” дэлгэгдэв. Дэлхийн нөлөө бүхий улстөрчид татвараас бултаж, оффшор бүсэд хөрөнгөө нуусныг илтгэсэн энэхүү тайланд 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд, 100 орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор дансыг илчилсний дотор Ч.Сайханбилэгийн нэр ч багтсан юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ICIJ) байгууллагаас гаргасан уг тайланд дурдахдаа 2016 оны гуравдугаар сард ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компани дэлхийд томоохонд тооцогддог, Монгол дахь Эрдэнэт нэртэй  зэсийн уурхай хувьцаагаа зарахаар тусламж эрж байв. 2014 оноос олон улсын хоригт орсон байсан “Ростех” компанид Монгол дахь уурхайг борлуулахын тулд АНУ, Европын холбооноос зөвшөөрөл авсан, Оросын байгууллагуудад зөвлөгөө өгөх туршлагатай хуулийн фирм шаардлагатай байсныг Baker McKenzie хангажээ.

Ийнхүү 2016 оны зургаадугаар сард “Ростех” компани “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувийг "Монголын зэс корпорац" хэмээх төдийлөн сайн танигдаагүй компанид 400 сая ам.доллароор зарав.

Ийнхүү худалдах үед "Монголын Зэс" рүү хэдэн зуун сая долларын гүйлгээ хийгдэж байгаа нь сэжигтэй байгаа талаар  Deutsche Bank-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мониторууд тайлан гаргаж байжээ. Тус банк мэдээлэхдээ "Монголын зэс"-д бизнесийн үйл ажиллагааных нь талаар тодорхой мэдээлэл бараг байгаагүй гэжээ.

Ил гарав

Хуулийн хайчинд хяргуулах дөхсөн Ч.Сайханбилэг долоон жилийн дараа гэнэт амь орж, өнөөдөр бүрэн ярилцлага нь цацагдана. Түүний хэзээ амь орж байгаа нь эрхгүй анхаарал татна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхчихсөн, дээрээс нь Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ “хайж” буй. Н.Алтанхуяг нэр дэвшинэ гэсэн ч шүүхийн асуудлууд нь дуусахгүй бололтой. Дараалсан хоёр сонгуулийн өмнө Ардчилсан нам гурав дахь удаагаа олонх болж засаг бүрдүүлэх үү гэдэг том асуултын өмнө ирлээ. Удирдлагын манлайлал үзүүлээд, улс төрийн тоглолтоо сайн хийж чадвал УИХ-ын гурван сонгуулийн 12 жил засагласан Ардын намыг ялж, олонх болох боломж тэдэнд байна. Чухам ийм боломж байгаа учраас Ч.Сайханбилэг гарч ирсэн. Ардчилсан намын дотоод удирдлага ямар байхаас хамаараад тэр намын аппаратад ч багтах боломжтой. Боломжтой гэдгээ 2022 онд харуулж, Ардчилсан ҮБХ түүнийг дэд даргаараа томилж байсан түүх бий. Одоо тэр Х.Баттулгаа муулна, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал хэрэг зэрэг байсныг хэлнэ, хуулийн хайчаар хяргуулахаас өмнө өөрийгөө зөвтгөнө. Угаасаа түүнд өөр арга үлдээгүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.112.138) 34 минутын өмнө

SEXSEER BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDAX AL SEKSY SEKSYGER XAMTRAGCH BOLI80955877UILCHLEED BIEE UNELELN VANXANDI

0  |  0
S(59.153.112.138) 34 минутын өмнө

SEXSEER BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDAX AL SEKSY SEKSYGER XAMTRAGCH BOLI80955877UILCHLEED BIEE UNELELN VANXANDI

0  |  0
S(59.153.112.138) 34 минутын өмнө

SEXSEER BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDAX AL SEKSY SEKSYGER XAMTRAGCH BOLI80955877UILCHLEED BIEE UNELELN VANXANDI

0  |  0
Top