
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт юм. Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Хөдөө аж ахуй салбар эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна гэж үзвэл зохино. Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна. Мөн 90 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа" хэмээв.
Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц долоон тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Тэрбээр цааш нь "Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )
МАН 35 жилийн ихэнхид нь төр засагт гарсан хэрнээ улсын хөгжилд тус болох ямар том бүтээн байгуулалт хийсэн бэ ? 1 ш цахилгаан станц барьсан уу? 1ш үйлдвэр барьсан уу?
Амьдрал мэддэг хүн шүүмжлэх ёстой