Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат I багийн малчин Цэвээний Ганзориг болон түүний гэргий Ёндонгийн Дулмаа нарт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Улсын аварга малчин” цол, тэмдэг, үнэмлэхийг гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

 

Ц.Ганзориг нь 2002 оноос мал ах ахуйн салбарт хөдөлмөрлөж, сүүлийн жилүүдэд бог малынхаа тоог цөөлж, чанарт анхаарч Баяд үүлдийн хонь, Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөн үржүүлж байгаа юм. Гэргий Ё.Дулмаа нь мал аж ахуйн хөдөлмөрийн онцлог, хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэр бүлийн аж ахуйгаа тууштай авч яваа хөдөлмөрч эмэгтэй юм. Тэрбээр малынхаа сүүгээр цагаан идээ, түүхий эдээр саван үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж 2025 онд “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч” болжээ.

 

 

Ц.Ганзоригийн гэр бүл туслах малчдаа тогтмол цалинжуулж, залуу малчин гэр бүлийг малжуулан дэмжих зэргээр салбарын тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Хушаат сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хэрэгцээт зүйлсийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа аж.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, хөдөлмөр зүтгэл, ур чадвараараа нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эцэг эхийнхээ хөдөлмөрч, ёс зүйтэй уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа аварга малчин гэр бүлд талархал илэрхийллээ. Тэрбээр мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, хөдөө орон нутгийн хөгжлийн үндэс хэвээр байгааг онцлон, чанар, бүтээмжид суурилсан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих нь салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top