“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд нээлтийн олон улсын арга хэмжээ өнгөрсөн оны төгсгөлд Итали улсын Ром хотноо болсон.

Өнөөдөр Монгол Улс “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээг нээлээ.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүн, Элчин сайдын яамдын төлөөлөл, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, иргэний нийгэм, малчдын төлөөлөл зэрэг 150 орчим дотоод, гадаадын зочид оролцов.

Тус арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр арга хэмжээнд оролцож, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд яамны бодлогын байр суурийг танилцууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Бэлчээр нь мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн тэнцэл, орон нутгийн амьжиргааг цогцоор нь тэтгэдэг стратегийн баялаг болохыг онцоллоо.

Дэлхийн хуурай газрын 50 орчим хувийг бэлчээр, хээрийн экосистем эзэлж, 800 сая орчим хүний амьжиргаа, 1 тэрбум гаруй хүний хүнсний хангамжид шууд нөлөө үзүүлдэг ч уур амьсгалын өөрчлөлт, ган, газар ашиглалтын зохисгүй хэлбэрүүдийн улмаас дэлхийн газрын 40 хүртэлх хувь доройтолд орж, жил бүр 12 сая га газар алдагдаж байгааг дурдав.

Монгол Улсын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн, бэлчээрийн 65 орчим хувь нь доройтлын янз бүрийн шатанд байгаа бөгөөд сүүлийн 70 жилд дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болохыг тэмдэглэлээ.

Мөн 2026 онд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах бөгөөд Олон улсын жилийн хүрээнд гарах бодлого, шийдвэр, ололт амжилтыг олон улсын түвшинд баталгаажуулахын төлөө ажиллана гэдгийг онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top