Зэрлэг амьтны нүүдлийн зам, шилжилт хөдөлгөөнд ээлтэй дэд бүтцийн шийдлүүдийг хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Зам, тээврийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтаас байгаль орчин, зэрлэг амьтдын нүүдлийн зам, шилжилт хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиг үүрэг бүхий салбар хоорондын ажлын хэсгийн хурал өнөөдөр (2026.01.22) боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхайн экспорт, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам зэрэг шугаман дэд бүтцийн хөгжил эрчимтэй өрнөж байна. УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д 5000 гаруй км төмөр зам, 6000 гаруй км авто зам барихаар тусгагдсан нь эдийн засгийн боломжийг нэмэгдүүлж байгаа ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төлөвлөлт хангалтгүй хэвээр байгааг судалгаанууд харуулж байна.

Үүний улмаас цагаан зээр, хулан, хар сүүлт зээр, янгир, аргаль зэрэг өргөн уудам нутагт нүүдэллэдэг зэрлэг амьтдын амьдрах орчин хуваагдаж, шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдан, цаашлаад тухайн зүйлүүдийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байна. Энэ нь олон улсын туршлага, үндэсний судалгааны үр дүнгээр нотлогдож байгаа юм.

Иймээс одоогийн авто болон төмөр замуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, цаашид шинээр баригдах дэд бүтцийг зэрлэг амьтанд ээлтэйгээр төлөвлөх, хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Зам, тээврийн сайдын хамтарсан 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/23/09 дугаар тушаалаар салбар хоорондын ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллахаар болсон.

Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаар дараах арга хэмжээг 2026 оны төлөвлөгөөнд тусгахаар хэлэлцэв.

Үүнд:

-Амьтны тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдэд санал оруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах

-Шугаман дэд бүтцийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох

-Одоогийн төмөр замуудын гүүрэн болон нүхэн гарцын үр нөлөөг судалж, стандартыг шинэчлэх

-Улаанбаатар төмөр замын зарим трассын өргөст торыг стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлэх

-Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилтийн судалгааг хийх

-З️эрлэг амьтан төмөр замын хөдөлгөөнд саад учруулах эрсдэлийг бууруулах туршилтын арга хэмжээг хэрэгжүүлэх

-Олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлууд зохион байгуулах

-Зам, төмөр замын зураг төслийн инженерүүд, оюутнууд, үнэлгээний ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлыг салбар хооронд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top