Ж.Энхбаяр: “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ нь хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, судалгааны гол бааз байх ёстой

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

 

Уулзалтын эхэнд “Үндэсний хөгжлийн хүрээлэн”-гийн захирал Г.Дэнзэн байгууллагын үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээний ажлууд, ойрын болон дунд хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хөгжиж буй бусад улс орнуудын туршлага, хөгжлийн загвар, бодлогын шийдлүүдэд тулгуурласан судалгаа, дүн шинжилгээг тогтмол, системтэй хийх шаардлагатайг онцлов. Тэрбээр Эдийн засаг, хөгжлийн яамны бодлого боловсруулах, төлөвлөх үйл ажиллагааны гол судалгааны бааз нь “Үндэсний хөгжлийн хүрээлэн” байх ёстойг тэмдэглэж, тус хүрээлэнгийн судалгаа, шинжилгээ нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үндэс суурь болж ажиллах ёстой гэдгийг онцлон дурдав.

 

Тус хүрээлэнд ажиллаж буй 20 эрдэмтэн, судлаачдыг бодит өгөгдөл, нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээ хийх шаардлагатайг тэмдэглэв. Олон улсад өрнөж буй улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн үр өгөөж, эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн судалгааг нарийвчлан, өндөр түвшинд боловсруулах чиглэл өгөв.

 

Үндэсний хөгжлийн бодлогыг нотолгоонд суурилсан судалгаа, бодлогын зөвлөмжөөр тогтвортой хангаж, улсын урт, дунд хугацааны тогтвортой хөгжлийг чиглүүлэх үндсэн зорилгынхоо хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамтай нягт хамтран ажиллах шаардлагатайг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.

 

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Даваасүрэн гадаад худалдаатай холбоотой тарифын болон тарифын бус зохицуулалт, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөөг нарийвчлан судалж, бодит үр өгөөж, эрсдэлийг тооцсон судалгааны ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Тэрбээр “Үндэсний хөгжлийн хүрээлэн”-гийн эрдэмтэн, судлаачдын хийж буй судалгаа нь бодлого тодорхойлогчдод бодитой шийдвэр гаргахад чиглэсэн, өндөр үнэ цэнтэй, практик ач холбогдолтой байх ёстойг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top