Гвиней-Бисауд төрийн эргэлт гарч, ерөнхийлөгчөө баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

Гвиней Бисауд ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш гурван хоногийн дараа төрийн эргэлт гарчээ. Ерөнхийлөгч Умаро Сиссоко Эмбало цэргүүдэд саатуулагдсан тухай мэдэгджээ. Түүнтэй зэрэгцэн Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга, орлогч дарга болон дотоод хэргийн сайд нар мөн баривчлагдсан байна.

Цэргийнхэн улс орныг бүрэн хяналтдаа авсан гээд Дэг журмыг сэргээх цэргийн дээд командлалыг байгуулсан тухай мэдэгджээ. Мөн тус улсын хилийн хаасан байна.

Энэ сарын 23-нд Гвиней-Бисауд ерөнхийлөгч, парламентын сонгууль болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа Умаро Сиссоко Эмбало, түүний гол өрсөлдөгч болох сөрөг хүчний нэр дэвшигч Фернандо Диас нар хоёул ялснаа зарласан. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг албан ёсоор энэ сарын 27-нд зарлахаар төлөвлөж байв.

2020 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Сиссоко Эмбало парламентад сөрөг хүчин ялсны дараа хоёр удаа парламентаа тарааж, ээлжит бус сонгуулийн тов зарлаж, хожим нь товыг хойшлуулж байжээ.

Гвиней Бисау нь хоёр сая гаруй хүн амтай Африкийн хамгийн ядуу орны нэг. Сүүлийн 55 жилд нийт есөн удаа төрийг эргэлт гарч мөн төрийн эргэлт хийхийг завдаж байжээ. Сиссоко Эмбалог огцруулахыг хоёр удаа оролдож байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сард төрийн эрхээс нь унагахаар завдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top