Флорида муж улсад 2026 онд болох “Их 20”-ийн бүлгийн уулзалтад Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдийг урихгүй байх, тус улсад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгийг зогсоох захирамж гаргасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
“ӨАБНУ-ын эрх баригчид цагаан арьст хүн амын эрхийг аймшигтайгаар зөрчиж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй, цагаан арьстнуудыг алж, фермүүдийг булаан авах боломж олгож байна” гэж Трамп мэдэгдсэн учраас АНУ Өмнөд Африкт хийсэн “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй юм.
АНУ-ын засаг захиргаа “Их 20”-ийн бүлгийн уулзалтад ӨАБНУ-ын төлөөлөгчдийг урихгүй байхаар төлөвлөж байгаа тухай телевизийн CNN суваг мөн мэдээлсэн билээ. Тус сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, ӨАБНУ-ын оронд Польшийн өндөр түвшний төлөөлөгчийг АНУ урихаар төлөвлөж байгаа ажээ.
“Америкийн талын ийм төлөвлөгөөний талаарх хоосон таамаглалыг бид сонссон. Албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүй тохиолдолд бид үүнийг хоосон таамаглал хэмээн үзнэ” гэж ӨАБНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Винсент Магвенья сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. АНУ 2025 оны арван хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэг жилийн хугацаанд “Их 20”-ийн бүлгийг даргалах юм.

Сэтгэгдэл ( 0 )