Трампын гаалийн татварууд хууль ёсны үндэслэлтэй эсэхийг хэлэлцэнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гадаадын орнуудын бараанд нэвтрүүлсэн гаалийн татварууд хууль ёсны үндэслэлтэй эсэхийг тус улсын Дээд шүүх хурдасгасан журмаар хянан хэлэлцэхийг зөвшөөрсөн байна. Шүүхийн мэтгэлцээн арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт эхлэх тухай АНУ-ын Дээд шүүхээс мэдээлжээ.

Талууд өөрсдийн үндэслэлүүдийг есдүгээр сарын 19-ний дотор шүүхэд бичгээр ирүүлэх ёстой аж. Хэргийг хурдасгасан журмаар хянан хэлэлцэнэ гэдэг нь шүүх он дуусахаас өмнө шийдвэрээ гаргана гэсэн үг юм. Хэрэв ердийн журмаар хянан хэлэлцэх юм бол шүүхийн шийдвэр 2026 оны зунаас нааш гарахгүй ажээ.

Өмнө нь Холбооны улсын Колумби тойргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу гадаадын орнуудын бараанд АНУ-ын нэвтрүүлсэн олон татвар хууль бус хэмээн тооцогдохоор болсон тул уг шийдвэрийг цуцлаж өгнө үү гэсэн хүсэлтийг Дональд Трампын засаг захиргаа Дээд шүүхэд 9 дүгээр сарын 4-нд гаргасан байна. Одоо үйлчилж байгаа олон татварыг нэвтрүүлэхэд шаардлагатай бүрэн эрх Трампад байгаагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн аж. Шүүхийн энэ шийдвэр нь бусад улстай худалдааны асуудлаар хийж байгаа яриа хэлэлцээг тодорхой бус байдалд оруулж, аль хэдийнээ байгуулаад буй гэрээнүүдэд эрсдэл учруулж байна хэмээн Америкийн засаг захиргаа үзэж байгаа ажээ.

Бизнес эрхлэгчдийн хэсэг төлөөлөгчид АНУ-ын засаг захиргааны нэвтрүүлсэн татварууд хууль бус бөгөөд бизнест хохирол учруулж байгаа тухай нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхэд гаргаж, шүүх түүнийг нь хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top