Монгол, Хятад, Оросын стратегийн уялдаа холбоо болон арми хоорондын хамтын ажиллагаа бүс нутагт террорист үйл ажиллагаатай тэмцэхэд нэн чухал ач холбогдолтой гэсэн санааг Хятадын цэргийн шинжээч Сун Жунпин илэрхийлсэн байна.
“Монгол, Хятад, Орос улс стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд эртнээс сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлж ирсэн билээ. Гурван улс харилцаа холбоогоо бэхжүүлж, терроризмтой тэмцэх хамтарсан ажиллагааг өргөжүүлж байгаа нь бүс нутагт террорист үйл ажиллагаа идэвхэжхээс үр дүнтэй сэрэмжлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой юм” гэж Хятадын шинжээч хэлснийг Global Times сонин иш татжээ.
“Бээжин, Москва хоёр энэ салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан, тэргүүний зэвсэглэлээр хангагдсан бөгөөд Улаанбаатарын чадавхийг нэмэгдүүлэх боломж олгож буй гурван улсын цэргийн хээрийн сургууль нь террористуудтай илүү үр ашигтай тэмцэх боломж бүрдүүлэх юм” гэж Сун Жунпин тэмдэглэсэн байна.
Хятадын өөр нэг шинжээч Жан Вюньшэ-гийн хэлснээр, сүүлийн үед терроистууд халдлага үйлдэхдээ өндөр технологийн арга хэрэгслүүд ашиглах болсон тул Хятад, Орос, Монгол улсын армиуд хуягт техник болон уламжлалт зэвсэглэлтэй зэрэгцүүлэн нисэгчгүй нисэх төхөөрөмж, робот зэрэг шинэлэг хэрэгслүүд ашиглах болсон. Орчин үеийн ийм тоног төхөөрөмжүүд нь хилийн хяналтыг чангатгах, хүн хүч, эд материалыг хэмнэх, бие бүрэлдхүүний хохирлыг багасгах боломж олгож байгаа ажээ.
Есдүгээр сарын 8-9-нд Монгол, Орос, Хятадын зэвсэгт хүчин “Хилийн хамтын ажиллагаа - 2025” нэртэй гурван талын цэргийн хээрийн сургуулийг анх удаа явуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )