Очир эрдэнэс хямдрахад Трамп, газрын тос, Z үе ямар хамаатай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 26

АНУ Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан бөгөөд 50 хувь болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэтхэг улсад дэлхийн очир алмаз үйлдвэрлэлийн 90 хувь ногддог. Түүхэн явцад Орос улс Энэтхэгт боловсруулаагүй үнэт чулуу нийлүүлдэг хамгийн том нийлүүлэгч нь байжээ. 2024 онд Оросын “Алроса” компанийн экспортолсон очир эрдэнэсийн өртөг 30 хувиар буурсан бөгөөд шинэ хязгаарлалтууд Якутын компанид ихээхэн нөлөөлөхөөр байна. Яагаад дэлхий дахинд очир эрдэнэс хэрэггүй болсон бэ? Үүнд Трамп, газрын тос, Z үеийнхэн ямар хамаатай тухай Forbes сэтгүүл бичжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулж, Оросын газрын тос худалдан авсных нь төлөө шийтгэл болгон 50 хувь болгож нэмэгдүүлэхээр шийдээд байна.

Эл цуврал мэдэгдэл зүссэн эрдэнийн чулууны 90 хувийг үйлдвэрлэдэг Энэтхэгийн алмазын салбарыг донсолгов. Энэтхэгийн үнэт чулуу, үнэт эдлэлийн зөвлөлийн дарга Кирит Бхансалигийн ярьснаар, энэхүү алхам нь нийлүүлэлтийн гинжин хэлхээг алдагдуулж,, экспортыг зогсоох,, олон мянган хүний амьжиргаанд аюул учруулах үр дагавартай.

АНУ нь Энэтхэгийн очир эрдэнэсийн томоохон зах зээл. 2024/2025 оны санхүүгийн жилд Энэтхэг улс нийт 4.8 тэрбум ам.долларын үнэт чулуу нийлүүлсэн нь нийт алмазын экспортынх /13.2 тэрбум ам.доллар/  нь гуравны нэг болохыг Al Jazeera онцолсон байна.

АНУ-ын татвартай холбогдуулан Энэтхэгийн тал АНЭУ зэрэг гаалийн татвар багатай улсаар дамжуулах арга хэмжээг хэлэлцсэн байна.

Олборлох шаардлага бий юу?

АНУ-аас Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулсан нь үнэт чулуу үйлдвэрлэлийг бусад улс руу шилжүүлэх төдийгүй дэлхийн зах зээлийг өөрчлөх, тэр дундаа АНУ-д синтетик алмаз үйлдвэрлэлийг дэмжихэд хүргэж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, алмазыг Африкт олборлох, Энэтхэгт зүсэж, АНУ руу тээвэрлэх шаардлага бий юу. Хиймэл очир эрдэнэс үйлдвэрлэх нь олборлолт, зүсэлтээс хямд. Ирэх жилүүдэд Америкийн компаниудын дунд синтетик алмазны үйлдвэрлэлийн бүүм болбол гайхах зүйлгүй гэж шинжээчид онцолжээ.

АНУ нь алмазан шигтгээ бүхий үнэт эдлэлийн дэлхийн зах зээлийн гуравны нэгийг хангадаг. Тиймээс Трампын худалдааны дайн Энэтхэгийн очир эрдэнэсийн салбарт, улмаар очир эрдэнэс олборлогчдод хүнд цохилт өгч болзошгүй.

Каратаар хэмжигдэх импорт 48 хувиар өсжээ

АНУ гаалийн татвар ногдуулахаас өмнө Энэтхэгийн боловсруулаагүй алмазын импорт 30 хувиар өсжээ. Хэрэв энэхүү эрэлтийн өсөлт түр зуурынх бөгөөд татвар ногдуулахаас өмнө амжуулж борлуулах хүсэлтэй холбоотой бол есдүгээр сараас эхлэн сөрөг үр нөлөө ажиглагдана гэж шинжээчид үзэж байна.

Долоодугаар сарын байдлаар, Энэтхэгийн каратаар хэмжигдэх алмазын цэвэр импорт 48 хувиар өсөж, 9.9 сая карат болжээ.

De Beers зарах нь

Нэгэн цагт очир эрдэнэсийн эрэлтийн уналт, Энэтхэгт алмазын нөөц өссөнтэй холбогдуулан үүсэж байсан хямрал үргэлжилсээр байна. Олон улсын алмазын онлайн биржийн үнийн индекс энэ оны эхний найман сарын байдлаар таван хувиар, 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлтээс 17 хувиар унаад байна.

Оросын “Алроса” компанийн гол өрсөлдөгч болох “De Beers” компанийн эцэг компани “Anglo-American” охин компаниа зарах эсвэл IPO гаргахаар зэхэж байна. Ботсванагийн уул уурхайн сайд Боголо Кеневендо тус улсын ерөнхийлөгч Дума Боко “De Beers” дэх Ботсваны оролцоог нэмэгдүүлэх замаар стратегийн ач холбогдолтой үндэсний актив болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнд бүрэн хяналт тогтоохыг зорьж буйг онцолсон байна. “De Beers” энэ оны эхний хагаст алмазын олборлолтоо 23 хувиар буюу 10.2 сая каратаар бууруулжээ.

2024 оны байдлаар, дэлхий дахинд алмазын олборлолт 3.2 хувиар буюу 107.9 сая карат болж буурсан бол олон улсын худалдааны эргэлт нь 7.2 хувиар буурч, 284.9 сая карат болжээ. Тус салбарын ирээдүй одоогоор тодорхойгүй байгааг шинжээчид онцолжээ. Гол асуудал нь хоёр жил үргэлжилж байгаа уналт түр зуурын үзэгдэл үү эсвэл хэрэглээний хэв маяг, очир эрдэнэст хандах хандлагын өөрчлөлт, тэр дундаа шинэ үеийнхэн хиймэл чулууг илүүд үзэх, крипто валют, цахим төхөөрөмж зэрэг өөр үнэт зүйлсийг сонгох зэргээр тайлбарлагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top