Уран дархан С.Батзоригт СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Энэ үеэр “Хас гоёл” ХХК-ийн Ерөнхий захирал, уран дархан Санжсүрэнгийн Батзоригт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж, түүний уран дархны ур ухаан, олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр үнэллээ.

Түүний үүсгэн байгуулсан “Хас гоёл“ ХХК нь үнэт эдлэл гоёл чимэглэлийн салбарт 1991 оноос хойш тасралтгүй тогтвортой ажиллаж байгаа цөөн үндэсний үйлдвэрүүдийн нэг бөгөөд 2002 оноос компани болон үйл ажиллагаагаа өргөтгөж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн, уран дарханы уламжлалт арга барилтай хослуулан хөгжүүлж ажилласнаар мэргэжлийн түвшинд дотоодын болон олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. 

“Хас гоёл” ХХК нь уран дархны урлал, үнэт эдлэл бэлэг дурсгалын чиглэлд голлон үйл ажиллагаа явуулснаас үнэт эдлэлийн бүтээгдэхүүнээ дахин давтагдашгүй урлагийн бүтээл  хийгээд өргөн хэрэглээний чиглэлээр урлан бүтээж ирснээрээ ялгардаг. 

“Хас гоёл” ХХК нь жилдээ олон арван шинэ бүтээл, бүтээгдэхүүн урлан бүтээж, хэрэглэгчдэд өргөн барьдаг бөгөөд дотоод гадаадын үзэсгэлэн, яармагт амжилттай оролцон, Монгол Улсын үнэт эдлэл, гоёл чимэглэлийн салбарын 2006, 2010, 2011, 2014, 2016,  оны “Гранпри" шагналыг хүртэж, “Улаанбаатар үйлдвэрлэв-2013” үзэсгэлэнгээс “Дэвшилтэт технологи нэвтрүүлэгч” номинацад медалион, Бэлэг дурсгал үйлдвэрлэх технологиор тэргүүн байр эзэлсэн ба “Asian gold, jewellery & gem fair” болон БНХАУ, ОХУ зэрэг улсуудад зохиогддог үзэсгэлэнд тогтмол амжилттай оролцож ирснийг дашрамд тодотгоё. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top