“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнд дархчууд шилмэл сор бүтээлээ дэлгэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтаж "МОНГОЛ ДАРХАН:ӨВ УРЛАХУЙ” тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ. Миний бие Үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, уран дархчуудын сор бүтээлийг үзэж, танилцлаа.

”МОНГОЛ ДАРХАН:ӨВ УРЛАХУЙ” тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр 138 сор бүтээлээ дэлгэж, олон нийтэд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнд Өндөр гэгээнтэн Занабазарын урласан, Музейн сан хөмрөгт хадгалагддаг ховор, нандин уран бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн уран бүтээлүүдээс шилдэг 16 бүтээлийг шалгаруулж, Шилдгийн Шилдэг 4 Бүтээлийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.

Уран дархчуудын бурхан ухаан шингэсэн эдгээр бүтээлүүд бол Монголчууд бидний түүх соёлын дархлаа төдийгүй, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

Монгол дархны

  • Уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах,
  • Судлан шинжлэх,
  • Түгээн дэлгэрүүлэх,
  • Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудаа алдаршуулах,
  • Тэдний ур ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu