БНХАУ-ын гаалийн алба Японы далайн бүтээгдэхүүний импортыг өнгөрсөн ням гарагаас эхлэн сэргээжээ. Фүкүшима-1 атомын цахилгаан станцын усыг далайд хаяж эхэлсэнтэй холбогдуулан Хятад улс Японоос далайн бүтээгдэхүүн авахаа зогсоогоод байсан юм. Гэхдээ Фүкүшима, Мияги, Токио зэрэг 10 мужийн далайн бүтээгдэхүүнд хориг үйлчилсэн хэвээр байх аж.
Хятадад далайн бүтээгдэхүүн экспортлох эрхээ сэргээхийн тулд Японы компаниуд боловсруулах үйлдвэрүүдээ бүртгүүлэхээс гадна эрүүл ахуй, цацрагийн шинжилгээ болон үйлдвэрийн байршлын тухай төрийн байгууллагаас олгосон гэрчилгээг мэдүүлэх ёстой болжээ.
Хятад улс нь Японы далайн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч байв. 2022 онд Японоос нийт 603 сая ам.долларын далайн бүтээгдэхүүн импортолжээ. 2023 оны наймдугаар сараас Япон Фүкүшима-1 атомын цахилгаан станцын усыг далайд хаяж эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг бүрэн хориглож байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )