Парисын олимпын наадмаас Азербайжаны тамирчдын авсан медалиудын чанар муудаж байгаатай холбоотой гомдлыг тус улсын Үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпын хороонд албан ёсоор гаргасан тухай Азербайжаны ҮОХ-ны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Тамирчдаас гаргасан гомдлыг үндэслэн Азербайжаны ҮОХ-оос явуулсан хянан шалгалтын дүнд олимпын наадмаас медаль хүртсэн тус улсын долоон тамирчны, тэдгээрийн дотор алтан медаль авсан жүдочид Идаята Гейдарова, Зелима Коцоева нарын медальд илэрхий өөрчлөлт орсон болохыг тогтоосон байна. Иймд Азербайжаны ҮОХ-оос Олон улсын олимпын хороонд албан ёсоор гомдол гаргасан ажээ.
ОУОХ-ноос хариу авсны дараа медалиудыг буцаан хүргүүлж, шинээр солих арга хэмжээ авах юм байна. 2024 оны Олимпын наадмаас медаль хүртсэн нэг зуу гаруй тамирчин зэвэрсэн болон харагдахуйц бусад гэмтэлтэй медалиудыг буцаан хүргүүлж байжээ. Доголдолтой бүх медалийг богино хугацаанд шинээр сольж өгнө ОУОХ-ноос мэдэгдсэн байна. Парисын зуны олимпын наадмаас Азербайжаны шигшээ багийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нийт долоон медаль хүртсэн ажээ.
Сэтгэгдэл ( 0 )