1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, газар чөлөөлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 23

 

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулаад байна. 

 

 

Газар чөлөөлөлтийн талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд Сэлбэ дэд төвийг барих газар чөлөөлөлтийг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Нийт 158 га талбайд 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан, газар чөлөөлөлтийн ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.

 

 

Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байна.

Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа билээ.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.107) 2025 оны 01 сарын 24

Ийм олон яндан буулгаад утаа улам ихэссэн нь бүр сонин

0  |  0
Top