Манай улсад үүсэж хөгжсөн орчин цагийн спортын ууган төрөл болох волейболын спорт сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд илүү түгэн дэлгэрч, “Дээд лиг” болон шат шатны ангилалд өрсөлдөх баг клубуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Үүнийг дагаад волейболын спортыг сонирхон хичээллэх хүүхэд багачуудын тоо өсөж, тэдэнд зааж сургах сургалт хөтөлбөрүүд, академи клубууд ч их болжээ. Гэхдээ бид энэ тал дээр үнэхээр сайн ажиллаж байна уу, багш дасгалжуулагчдын чадамж, мэргэжлийн байдал, хүний нөөц сайн байна уу гэвэл хангалтгүй байсан хэвээр. Спортоор хичээллэн тамирчин болж, амжилт гаргахад хамгийн чухал зүйл бол анхан суурь техник, ур чадварыг зөв суулгаж, биеийн болоод оюуны чадамжийг жигд хөгжүүлэхэд оршдог. Өнөөдөр манай улсад дотооддоо сургалт, үйл ажиллагаагаа явуулж байгаа олон байгууллага, клубууд байгаа ч олон улсад биш юм аа гэхэд Ази тив, бүс нутгийн хэмжээндээ очиход учир дутагдалтай байсан хэвээр л байна. Тэгвэл гадаад орнуудын сургалтын системүүдийн хувьд гэвэл өнөөдөр манай улсад хамгийн түгэн дэлгэрсэн нь БНСУ-ын арга барил буюу бидний ярьдгаар "школ". Хамгийн тод жишээ гэвэл дасгалжуулагч Жон Ён Ха анх манай улсад ирж, лигийн гурван удаагийн аварга “Энагурэ” клубийн анхдагч үеийн тамирчдыг бэлтгэж, багийн суурь болоод бэлтгэл, тоглолтын агуулга, арга барил, философи гээд бүгдийг нь суулгаж, хожмын олон олон амжилтуудыг гаргах үндсийг тавьж, гарааг нь маш сайн эхлүүлсэн байдаг. Энэ нь зөвхөн тус клубээр хязгаарлагдахгүй. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг болоод тус клубээс шилжин явсан тоглогчдын дараагийн олон багуудад ч нөлөөгөө үзүүлсэн юм. Одоогийн жишээ дурдахад БНСУ-ын мэргэжилтэн И Сүн Кю манай “Дээд лиг”-ийн тэмцээний “Хасу Мегастарс” багт ажиллаж, багаа аваргын төлөө шалгаруулаад байна. Түүний удирдлагад баг нь лигийн тэмцээнд хамгийн олон буюу 14 тоглолт дараалан хожсон амжилтыг гаргаж, энэ жилийн 20 тоглолтоос 19 хожсон гээд урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлттэй явна. Мөн БНСУ-д сурч, спортын боловсрол эзэмшсэн болоод одоо суралцаж байгаа олон тамирчин өдгөө Монголын “Дээд лиг”-тээ амжилттай тоглож байна. Тухайлбал “Хасу Мегастарс” багийн Б.Баярсайхан, “Эс Жи Хокс” багийн Ж.Энх-Эрдэнэ, М.Уранбаяр, “Натур Бакс” багийн Б.Амар, Т.Пүрэвдорж, “Энагурэ” багийн С.Булгантамир, Д.Анужин, Ж.Энхсоёл гээд дурдаад байж болно. Гэхдээ эдгээр тамирчид бүгд БНСУ-д очиж суралцаж байсан бол энэ удаад манай хүүхэд залууст эх орондоо гадны мэргэжлийн дасгалжуулагчдаас суралцах сайхан боломж гарч байна. Энэ нь юу вэ гэвэл БНСУ-ын “Sports cube” академийн мэргэжлийн дасгалжуулагчид Монгол Улсыг зорин ирж, сургалт үйл ажиллагаагаа явуулах гэж байна. 2025 оны хоёрдугаар сард эхлэх тус сургалтад Олон улсын волейболын холбооны зэрэглэлтэй дасгалжуулагч Кёүн Мин Ха (Ha Kyoung Min) тэргүүтэй тамирчин байхдаа өндөр түвшинд, олон улсад тоглож байсан мэргэжлийн дасгалжуулагчид ажиллах юм байна. Түүний хувьд БНСУ-ын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт найман жил тоглож, 2006 оны Азийн наадмын аварга болж байсан төдийгүй Солонгосын лигийн томоохон багуудад олон улирал амжилттай тоглож байсан юм.
М.Сугар-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )