Ираны халдлагаас хамгаалахын тулд Израил нэг тэрбум ам.доллар зарцуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Өнгөрсөн бямба гарагт /2024.04.13/ Ираны халдлагаас хамгаалахын тулд Израил нэг тэрбум ам.долларын өртөг бүхий материал зарцуулсан гэж “Financial Times” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ. Энэ зардалд АНУ, Франц, Их Британийн зүгээс илгээсэн онгоцны зардал ороогүй байна.

Дөрөвдүгээр сарын эхээр Израил Сири дэх Ираны консулын газарт агаараас цохилт өгсний хариуд Ираны Зэвсэгт хүчний элит анги, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус дөрөвдүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Израилын нутаг дэвсвэрт хариу цохилт өгсөн билээ. Янз бүрийн мэдээллээр, Ираны тал хэдэн зуун пуужин болон “Shahed” камиказе дрон, “Fattah”, “Fattah 2” хэт авианы пуужин ашиглажээ. Ираны төрийн мэдлийн “Press TV” сувгийн мэдээлснээр, бүх хэт авиан пуужин байгаа оножээ.

Израилын армийн мэдээллээр, Ираны тал нийт 170 орчим дрон, 30 гаруй далавчит пуужин, 120 гаруй баллистик пуужин, нийт 300 гаруй пуужин, дрон харважээ. Ингэхдээ Израилын тал хэдхэн пуужин тус улсын нутаг дэвсгэрт хүрч, бага хэмжээний хохирол учруулсан гэж мэдэгджээ.

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Мохаммад Багерийн мэдэгдсэнээр, Тегеран хариу ажиллагааг гүйцэтгэсэн, үргэлжлүүлэхгүй. Гэхдээ Израилд дахин ямар нэгэн алхам хийвэл илүү далайчтай хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Израилын тал Ираны заналхийллийн эсрэг бүс нутгийн хэмжээний эвсэл байгуулж, халдлагын хариуг зохих ёсоор, тохиромжтой цаг үед барина гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top