Баруун бүсийн “Цахим хөгжлийн өдөрлөг” Говь-Алтай аймгаас эхэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Говь-Алтай аймагт эхэллээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  байгаа  юм.

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа бөгөөд  бүсийн хэмжээний гурав дахь удаагийн  уулзалт нь баруун бүс болж байна. Цахим үндэстэн болох   бодлогын хүрээнд орон нутагт, газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох  мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх,  цахим  хэрэглээнд  хэвшүүлэх үндсэн зорилгын хүрээнд өдөрлөгийг үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа юм. 

Өдөрлөгийн хүрээнд ЦХХХЯ-наас гаргасан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top