Яагаад Жо Байденыг засгийн эрхээс ЗАЙЛУУЛАХЫГ ОРОЛДОВ?

2024 оны 02 сарын 29

Америкийн Конгрессын гишүүн Ерөнхийлөгч Жо Байденыг суудлаас нь буулгах санал гаргажээ. Уг санаачилгыг гаргасан Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Колорадо мужаас Бүгд найрамдах намд суугаа Кен Бак санаачилсан асуудалтайгаа холбогдох тогтоолыг санал болгохыг хүсэж байгаа аж.

Тэрбээр “АНУ-д тулгараад байгаа нийгмийн сорилтууд болон аюулгүй байдалд учирч буй заналхийлэл нь улсын удирдагчаас оюун санааны ба биеийн хувьд хүчтэй чадварыг шаардаж байна” гэжээ. Уг санаачилгыг харгалзаж үзэх үндэслэл нь тусгай прокурор Роберт Херийн илтгэл болсон бөгөөд тус илтгэлд Жо Байден мартамхай хөгшин хүн гэж дүрслэгдсэн байгаа юм. Шинжээчид Кен Бакийн санаачилгыг сонгуулийн өмнөх тэмцлийн нэг хэсэг гэв. АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах нь Конресс дэх зөвшилцөл үгүй, импичментийн үйл явцын үргэлжлэх хугацаа удаан байхаас шалтгаалан магадлал багатай гэнэ.

Жо Байдены сэтгэцийн болон биеийн эрүүл мэндээс нь шалтгаалж ийм санаачилга гаргасан хүмүүс, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Кен Бак “Fox News Digital”-д ярихдаа “Манай улс нийгмийн салбарт тоо томшгүй олон сорилт, аюулгүй байдлын салбарт заналхийлэлтэй тулгараад байна. Эдгээр нь Төрийн тэргүүнээс оюуны болон биеийн хувьд хүчтэй чадварыг шаардаж байна. Дэд ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн кабинет улс орноо нэгдүгээрт тавьж, Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтийг хийх талаар бодолцох хэрэгтэй болж байна” гэв.

АНУ-ын Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх журмыг тодорхойлдог. Уг журмаар Дэд ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч болно гэж заасан байдаг. Ерөнхийлөгч Конгресст хандаж албан үүргээ биелүүлж чадахаар байгаагаа хэлж, энэ бүрэн эрхийг бичгээр өөртөө эргүүлэн авч болно.

АНУ-ын Ерөнхийлөгч ой санамж муутай хөгшин гэж хэлэгдсэн тухайд, Цагаан ордон энэ сарын эхээр Төрийн тэргүүний ой санамжийн талаар “Бүх зүйл сайхан байна” гэж мэдэгдсэн боловч удалгүй Жо Байден алдаа гаргаж, Египетийн Ерөнхийлөгчийг Мексикийн удирдагчтай андуурчээ. Гэхдээ Роберт Херийн тайланд уурласан Жо Байден өөрийгөө юу хийж байгаагаа мэддэг, АНУ-ыг хөл дээр нь босгосон “сайн санаатай хөгшин” гэж тодорхойлсон. Америкийн удирдагч мөн өөрийгөө АНУ-д байгаа Ерөнхийлөгчийн албыг хаших хамгийн чадварлаг хүн гэж үздэг.

Гэвч АНУ-ын олон сая иргэн Ерөнхийлөгчийнхөө оюун санааны хурц байдалд санаа зовж, зөнөсөн гэж ярьж байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын дийлэнх нь “Цагаан ордны тэргүүний танин мэдэхүйн чадвар буурсныг хэвлэл мэдээллийнхэн нуухыг оролдож байна” гэж хардсан байна.

Мөн Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон Жо Байденыг “Ерөнхийлөгч болоход тохиромжгүй” гэж мэдэгдэв. Түүний хэлж буйгаар Америкийн удирдагчийн хэвлэлийн бага хурал, үг хэлэх зэрэг үеэрээ дахин дахин гаргасан алдаа нь тусгай прокурорын илтгэлд дурдсан зүйлийг баталж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top