Израил Газын зурвас руу цохилт өгөхгүй гэж АМЛААГҮЙ

2023 оны 11 сарын 15

Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт цохилт өгөхгүй гэсэн үүрэг хүлээгээгүй талаар ЦАХАЛ буюу Израилийн Батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус мэдэгдлээ.

Тэрбээр Израилийн Батлан хамгаалах арми Газын зурвас дахь цэргийн чухал объектуудад цохилт өгөх тохиолдол байж болохыг үгүйсгээгүй аж. Өмнө нь ч Израилийн эрх баригчид палестинчуудад Газын зурвасын өмнөд зүг рүү нүүхийг нэг бус удаа уриалж байсан юм. Улс төр судлаачдын дүгнэж буйгаар ЦАХАЛ-ын энэхүү мэдэгдэл нь энгийн палестин иргэдэд ёс бусаар хандаж буй үйлдлийнхээ хариуцлагыг Израилаас холдуулахад чиглэж байгаа аж.

Израилийн Батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус “Нөхцөл байдал тогтворгүй байгаа, дайн болж байна. Бид палестинчуудад өмнөд зүг рүү нүүхийг уриалсан, цаашид ч уриалсаар байх болно гэдгийг онцолъё. Гэхдээ бид Газын зурвасын өмнөд зүг рүү цохилт хийхгүй гэж мэдэгдэж байгаагүй” гэсэн байна.

Израилийн Батлан хамгаалах армийн спикер нэмж хэлэхдээ, Газын зурвасын өмнөд хэсэгт агаарын цохилт өгөхгүй гэж хэлээгүй, байлдааны үндсэн ажиллагаагаа хойд зүгт төвлөрүүлнэ гэж мэдэгдсэнээ онцолжээ. “Энэ нь хангалттай тодорхой, нөхцөл байдлыг ажиглаж байгаа хүмүүст ойлгомжтой байгаа гэж итгэж байна” гэж Жонатан Конрикус хэлсэн байна.

“Балгас болгож хувиргана”

ЦАХАЛ Газын зурвасыг бөмбөгдсөөр байгааг санах нь зүйтэй. Сүүлийн үед хуурай замын ажиллагаа явуулж буй. Палестины ХАМАС хөдөлгөөнийхөн аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэг рүү дайрч, цэргийн хэд хэдэн объект болон суурин газрууд руу халдсаны дараа энэ дайн үргэлжилж байна.

Тус дайралтын дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Израил ХАМАС бүлэглэлийн байгаа Газын зурвас дахь бүх газрыг балгас болгож хувиргана. Газа хотын оршин суугчид гэрээсээ явах хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа аравдугаар сарын 12-нд НҮБ-ын төлөөлөгч Стефан Дюжаррик “Израилийн Батлан хамгаалах яам болон ЦАХАЛ НҮБ-д Газаас 1.1 сая палестинчуудыг тус бүсийн өмнөд хэсэг рүү 24 цагийн дотор нүүлгэн шилжүүлэхийг уриалсан” гэж мэдэгдсэн билээ.

НҮБ хүн амын ийм их хэмжээний нүүлгэн шилжүүлэлтийг хүмүүнлэгийн үр дагаваргүйгээр хийх боломжгүй гэж үзэж байна. Эмгэнэлт байдлыг гамшгийн байдалд хүргэхгүйн тулд ийм тушаал гарсан бол цуцлахыг НҮБ уриалж буй талаар Стефан Дюжаррик ярьжээ.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэхэд ЦАХАЛ Газын зурвасыг бүслэн, эрэг рүү давшиж, улмаар бүс нутгийг хойд болон өмнөд хэсэгт хуваажээ. Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх урд зүг рүү чиглэсэн нэг талын коридор нээлттэй хэвээр байгаа аж. Үүнтэй зэрэгцэн ЦАХАЛ Газа хот руу том хэмжээний цохилт өгч байна гэж мэдээлсэн байна. Маргааш нь ЦАХАЛ-ын төлөөлөгчид Газын хойд хэсгийн оршин суугчдыг орон гэрээ орхин явах ёстой гэж дахин зарласан ч нүүлгэн шилжүүлэхэд ердөө дөрвөн цагийн хугацаа өгсөн байна. Үүний зэрэгцээ 2023 оны мэдээллээр, Газын зурваст 2.1 сая хүн амьдарч байжээ. НҮБ-ын хамгийн сүүлийн тооцоогоор Газын зурвасын 1.5 сая орчим оршин суугч орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Шигүү барилгатай, хүн амын нягтаршил ихтэй учраас Газын зурвас руу хийж байгаа ЦАХАЛ-ын дайралтаар олон тооны энгийн иргэд амь үрэгдэж буй. НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн ерөнхий комиссар Филипп Лаззарини “Израилийн цохилтын улмаас Газын зурваст амь үрэгдэгсдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан” гэж мэдэгдэж байсан юм.

ЦАХАЛ Газын зурвас дахь суурьшлын бүс, түүнчлэн энгийн иргэд орогнож буй газруудад цохилт өгсөн гэж удаа дараа шүүмжлүүлсээр ирсэн. “Аль-Ахли” эмнэлэг рүү хийсэн цохилтын улмаас янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр 500-800 хүн амь үрэгджээ. Дараа нь Израил Палестины дүрвэгсдийн орогнож байсан Грекийн үнэн алдартны Гэгээн Порфирийн сүм рүү дайрчээ. “Жабалиа” дүрвэгсдийн хуаран мөн цохилтод өртсөн байна. Газын Дотоод хэргийн яамны мэдээлснээр тэнд 400 гаруй хүн амь үрэгдэж, шархадсан байна.

Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ойрх Дорнодын хямралын өнөөгийн үе шат юунаас эхэлснийг бид санаж байгаа. Израил болон энэ улсын нутаг дэвсгэр дэх бусад улсын энгийн иргэдийн эсрэг террорист халдлагаас эхэлсэн. Харамсалтай нь гэмт хэрэгтэн, алан хядагчдыг шийтгэхийн оронд хамтын хариуцлагын зарчмаар өшөөгөө авч эхэлснийг бид харж байна. Одоо Газын зурваст болж буй аймшигт үйл явдлууд, олон зуун мянган гэм зэмгүй, зүгээр л зугтах газаргүй, бөмбөгдөлтөөс нуугдах газаргүй хүмүүсийг хөнөөж буй аймшигт үйл явдлуудыг юугаар ч зөвтгөх аргагүй” гэжээ.

Гэсэн хэдий ч олон улсын шүүмжлэлийг үл харгалзан Израилийн батлан хамгаалах арми Газын зурваст цохилт өгсөөр байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас Палестины Эрүүл мэндийн яамнаас иш татан мэдээлснээр, Газын зурваст аравдугаар сарын 7-ноос хойш нийт нас барсан хүний ​​тоо 11 мянга давсан байна.

Эмгэнэлт нөхцөл байдал

Өмнө нь Палестины энгийн иргэдийг Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүж, дайралтаас зайлсхийхийг ятгаж байсан Израил энэ бүс нутагт ямар ч аюулгүй бүс байхгүй гэдгийг үнэн хэрэгтээ зарласан гэж шинжээчид үзэж байна. ЦАХАЛ-ын төлөөлөгчийн мэдэгдэл нь болж буй үйл явдлын нөхцөл байдлыг өөрчлөх, Палестины энгийн иргэд болох эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настнуудад үзүүлж буй хүмүүнлэг бус хандлагыг нь шүүмжлэхээс зайлсхийх гэсэн оролдлого аж. Тэд Палестины ард түмний эсрэг хоморголон устгал хийж байна гэж шинжээчид үзэж буй. Израилчууд ХАМАС-тай тэмцэхийн оронд палестинчуудыг өөрсдөө устгаж байгаа бөгөөд энэ бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэв.

Одоогийн энэ мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байсан аж. Газын зурвас дахь Израилийн цаашдын үйл ажиллагаа нь энгийн иргэдийн дунд илүү олон хохирогч бий болгох нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байна.

Израилчууд зарим нэг заагдаагүй үүргээ биелүүлнэ гэж итгэх нь гэнэн хэрэг аж. Тэд Газын зурваст албан ёсоор дайн зарласан бөгөөд үүний дагуу арга хэмжээ авч байна. Зорилго нь ХАМАС бүлэглэлийг устгах явдал бөгөөд Израил хүч хэрэглэх шаардлагатай гэж үзвэл үүнийг хийх ажээ. Энгийн иргэд байгаа нь ч тэднийг зогсоохгүй гэж улс төр судлаачид тэмдэглэжээ.

Тэдний үзэж байгаагаар Израил зөвхөн Палестины хойд хэсэгт үйл ажиллагаа явуулахаар хязгаарлагдах шинж тэмдэг хараахан алга байна. Израилийн Цэргийн хүчин Газын зурвас даяар үйл ажиллагаа явуулна. Энэ нь энгийн ард түмнийг зовлонд хүргэх нь гарцаагүй. Мэдээжийн хэрэг байдал эмгэнэлтэй байна.

Дэлхий нийт энэ мөргөлдөөнийг шийдвэрлэхийг уриалж байгаа ч хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Харамсалтай нь хоёр тал зорилгодоо бууж өгөхгүй, сул дорой байдлаа харуулахыг хүсэхгүй байгаа нь сөргөлдөөний бодит байдал аж. Энэ бүхэн бидний одоо харж байгаа үр дагаварт хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top