Зүүн өмнөд азийн түнш орнуудын АЙЛЧЛАЛЫН ЦААД УТГА УЧИР ЮУ БАЙВ...

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам улсад айлчиллаа. Айлчлалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан учраас олныг эс нуршин гол агуулгадаа оръё. Ерөнхийлөгч чухам ямар учраас Вьетнам улсад айлчлахаар болов. Вьетнам засвар л гэж ойлгосоор ирсэн тус улстай яагаад дипломат харилцаагаа шат ахиулж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхээр тохиролцов. Хамтдаа айлчлалын наана цаана юу болсныг товч зураглая.


Айлчлал эхлэхээс өмнө
 

Айлчлал эхлэхээс өмнө Вьетнамын нийслэл Ханой хотноо Вьетнам дахь АНУ-ын худалдааны танхим уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг голчлон хөндсөн юм. Тэр дундаа ойрын хугацаанд хоёр талын худалдааны эргэлтийг 200 тэрбумд хүргэх зорилт тавьжээ. Энэ бол маш том тоо. Хэрэв энэ зорилт биелэлээ олох юм бол ази тив дэх АНУ-ын хамгийн том түнш болох учиртай. Энэ оны долоодугаар сарын байдлаар дээрх хоёр улсын худалдааны эргэлт 52.4 тэрбум ам.долларт хүрээд байна.

Вьетнамыг АНУ сонгохгүй юм биш үү гэж уншигч та бодож байж болох. Гэтэл геополитикийн ороо бусгаа байдал энэ зорилтыг төвөггүй биелүүлэх үндсийг тавьж орхижээ. АНУ-Хятадын хооронд  2010-аад оны дунд үеэс эхлэн маргаан дэгдсэн олон асуудал өрнөж улмаар 2018 оноос хоёр тал худалдааны дайнтай нүүр тулав. Нэмэр дээр нэрмээс гэгчээр АНУ-ын төрийн байгууллагууд албан хэрэгцээнд “ТикТок” ашиглахаа больж, Хуавей зэрэг ухаалаг утсыг албан хэрэгцээнд ашиглахгүй болж, Холбооны засгийн газрын бүх шатны байгууллагууд Хятадад үйлдвэрлэсэн хяналтын камерыг ашиглахаа болив. Үүнд эгдүүцсэн Хятадын тал удаа дараагийн мэдэгдлийн дараа өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр төрийн албан хаагчид “iPhone” ашиглахыг хориглосон билээ. Энэ мэтчилэн хоёр талын худалдааны эргэлт тасалдах хамгийн гол шалтгаан нь гео улстөрийн олон талт маргаанаас шалтгаантай. Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлын маргаан ч энэ хоёр улсын харилцаанд ихээхэн сэв суулгасан билээ. Цаг үеийн байдал ингэж таарахтай зэрэгцээгд АНУ-ын засаг захиргаа 2017 онд Ази-Номхон далайн үзэл баримтлалаа өөрчилж Энэтхэг-Номхон далайн бодлого боловсруулав. Энэ нь цаанаа Хятадын хүчирхэгжлийг сөрөн зогсох, нөлөөллийг алгуур боловч хумих агуулгаар тодорхойлсон бодлого юм.

Олон улсын валютын сангийн судалгаагаар 2023 оны аравдугаар сарын байдлаар дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн тоонд Вьетнам улс багтжээ. Эдийн засгийн өсөлт нь 5.8 хувиар хэмжигдэж байна. Дэлхийн дундаж 2.9 хувь байгааг мартаж болохгүй. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын 2022 оны дүн мэдээг харвал Вьетнам улс 371.4 тэрбум ам.долларын экспорт хийжээ.

Харилцааг өөрчилсөн айлчлал
 

Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө ч хоёр улс найрсаг харилцаатай байсаар ирсэн. Түүнээс биш буруу харж суугаад, нэгнээ үгүйсгээд байдаг харилцаатай орнууд биш. Хуучин социалист гэх нэгэн дээвэр дор багтсан цагаасаа ч, шинэ чиг баримжаатай хөгжих болсон цагаас ч хоёр улсын харилцаа найрсаг байсаар ирсэн. Талууд 2000 онд гэрээ байгуулж, “Уламжлалт найрсаг харилцаатай” орон болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2013 онд Вьетнамд айлчилж байлаа. Тухайн цаг үед худалдааны эргэлт 23 сая ам.доллароор хэмжигдэж байж. Харин энэ удаагийн айлчлалын үед  хоёр талын худалдааны эргэлт 85.3 сая ам.долларт хүрч түүхэн амжилт тогтоожээ. Яг энэ одоо уншигч таныг энэ нийтлэлийг уншиж байх хооронд буюу энэ оны эхний долоон сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт хэдийнээ 65 сая ам.долларыг даваад байна. Манай талаас дийлэнхдээ уул уурхай, тэр дундаа гянт болд, баяжмал, малын дайвар бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Вьетнамаас хөдөө аж ахуй, хүнс, жимс жимсгэнэ зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн авчээ.

Айлчлалын үеэр хоёр тал нийт зургаан баримт бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ сэдвээр ялгах юм бол визгүй зорчих гэрээ, аюулгүй байдал хамтын ажиллагааны гэрээ, цагаан будааны нийлүүлэлтийн гэрээ байв. Хамгийн түрүүнд дипломат, албна олон энгийн паспорт эзэмшигчийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр байгуулснаар хоёр талын иргэд дипломат болон энгийн паспорттой байхаас үл хамааран 30 хоног визгүй зорчихоор болов. Хоёр тал олон жил үүнийг хэлэлцсэний эцэст ийнхүү энэ удаагийн айлчлалаар үр дүнгээ өгсөн юм. Дараагийнх нь аюулгүй байдал, хамтын ажиллагааны тухай гурван ч хэлэлцээр байна. Эдгээр хэлэлцээрийг хийснээр бүс нутгийн түвшинд аюулгүй байдлын салбарт хамтрах, мансууруулах бодисын худалдаа, тэдгээртэй тэмцэхэд хамтран ажиллахаар болсон нь онцлох хэлэлцээрийн нэг байлаа.

Сүүлд нь, онцлох хэлэлцээ бол цагаан будаа тогтвортой нийлүүлэх хэлэлцээр. Хоёр улсын худалдааны эргэлтийн бага биш хувийг цагаан будаа эзэлдэг. Вьетнамын хэвлэлд дурдсанаар, он гарснаас хойш Вьетнам улс Монголд 20 гаруй сая ам.долларын цагаан будаа нийлүүлжээ.
 

Яагаад заавал Вьетнам гэж...
 

Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээний дор зарим уншигч “үсрээд вьетнамын засварчдын тоо л нэмэгдэнэ биз” гэсэн байна лээ. Ухвар мөчидөөр харвал ингэж харж болох л доо. Гэхдээ цаад углуургаар нь харах хэрэгтэй байна. Вьетнам улс ойрын жилүүдэд дэлхийд эдийн засгийн багтаамжаараа эхний 20 улсын тоонд орох зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд АНУ-ын Калифорни хотод цахилгаан автомашины үйлдвэр байгуулахаар болж “ВиннФаст” групп хөрөнгө оруулалт татаж, “Тесла” компанийг үйлдвэрийн гарцаараа түрүүлэх зорилт тавиад байна. Түүнчлэн АНУ-ын хувьд худалдааны хамгийн том түнш нь ази тивийн Вьетнам улс болж хувирчээ. Хэдийгээр засаглалын хувьд коммунист үзэл баримтлалтай ч эдийн засгийн хувьд харьцангуй чөлөөт, хөрөнгө оруулалтын орчин нээлттэй гэдгээрээ хойд америкийн ч, баруун европын ч хөрөнгө оруулагчдыг татсаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг Вьетнамын хэд хэдэн цахим хуудас онцлон мэдээлжээ. Тухайлбал, айлчлал эхлэхээс долоо хоногийн өмнө VN Express цахим хуудас мэдээлэл түгээсэн бол айлчлал эхэлсний дараа 4-5 цахим хуудас айлчлалыг сурвалжилсан байна.

Дээрх мэдээлэл, нийтлэлүүдийг тогтож харвал үндсэн гурван санааг агуулжээ. Эхнийх нь хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдсээр байна гэдэг агуулга. Удаах нь Монгол Улс Вьетнамыг Зүүн Өмнөд Азийн хамгийн гол түншээ гэж харж байна гэх агуулга. Сүүлийнх нь хоёр улс ирэх жил тохиох дипломат харилцааны 70 жилийн тэгш ойн дээр харилцааны түвшинг шат ахиулна гэдгийг онцолсон байлаа.
 

Төгсгөлийн оронд
 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Лаосын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчилсан. Үндсэндээ түүний айлчлалын сүүлийн зогсоол нь Лаос байсан юм. Лаос нь газар зүйн байршил болон эдийн засгийн багтаамжаараа Монгол Улстай тун дөхөж очих улс. Далайд гарцгүй эдийн засгийн багтаамж, хөдөлмөрийн зах зээлийн бүтцээрээ манайтай тун төстэй. Өнгөрсөн жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон. Энэ удаагийн айлчлараар хоёр улс агаарын тээврийн чанарыг сайжруулах Зүүн Өмнөд Азийн агаарын тээврийн огтлолцох цэг болохоор тохиролцсон нь онцлох хэлэлцээрийн нэг байлаа. Түүнчлэн мал эмнэлэг, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон нь Монгол-Лаосын харилцаанд шат ахихуйц үр дүн дагуулсан гэдгийг талууд онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр нэгэн зүйл онцолсон билээ. Чухам юу гэвэл айлчлалыг үр дүнгүй гадуур тэнэх бус ямар нэгэн үр дүнтэй байлгахыг зорьдог гэсэн үг байлаа. Айлчлал хэдийгээр төрийн мөнгөөр гаднын улс руу айлчилж байгаа мэт харагдах боловч төрийн хэмжээний томоохон айлчлалыг Ерөнхийлөгчийн түвшинд хийнэ ээ гэдэг нь хоёр талын харилцааг шат ахиулаад зогсохгүй, дипломат бодлогод нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Ийнхүү Алтан лууны болон Цагаан Зааны нутгаар айлчилсан энэ удаагийн айлчлал өндөрлөсөн юм.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top