Эйфелийн “Орой” харагдаж эхэллээ - 2

Админ | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

Францын Парис хотноо 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болох Зуны олимпын XXXIII наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Спортын 32 төрөлд 329 цогц медалийн төлөө 200 гаруй орны 10500 тамирчин өрсөлдөх бөгөөд Монголын баг тамирчид 15 дахь удаагаа Зуны олимпын наадамд оролцох билээ.


Манайхан жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийг өргөлт, дугуй, 3х3 сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усанд сэлэлт, тэквондо, спортын гимнастик гэх мэт спортын төрлөөр олимпод оролцдог түүх, уламжлалтай, боломжтой.

Олимпийн эрх олгох тэмцээнүүд хэзээ хэрхэн болох, хэрхэн эрхээ авах талаар "Таван цагариг" цувралаар хүргэдэг бөгөөд энэ удаа хүндийг өргөлтийн талаар мэдээлэл хүргэе.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

ОУОХ-ноос "Парис-2024" олимпийн наадмын хүндийг өргөлтийн квотыг эрс цөөлсөн. Тодруулбал эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд нийтдээ 120 тамирчин л оролцох юм.

"Лондон-2012", "Рио-2016" олимпод 260, "Токио-2020" олимпын наадамд 196 тамирчин оролцож байсан билээ. Тэгэхээр өрсөлдөөн улам л чанга, эрх авахад улам л хэцүү болж байгаа.

Монголын туйванчид 1972, 1980, 1992, 1996, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны олимпод оролцож байсан буухиа үргэлжилнэ гэдэгт найдаж байна.

"Парис-2024" олимпын хүндийг өргөлтийн тэмцээнд эрэгтэйчүүд 61 кг, 73 кг, 89 кг, 102 кг, +102 кг-ийн жинд, эмэгтэйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг,+81 кг -ийн жинд , жин тус бүрт 12 , нийтдээ 120 туйванч өрсөлдөх юм.
 


Эндээс 100 тамирчин (эр 50, эм 50) Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Олимпийн эрхийн чансаанд (энд 2022.08.01-2024.04.28-ны хооронд оролцсон уралдаан тэмцээнийг тооцно) эхний 10 байр эзэлсэн туйванчид олимпын эрхээ шууд өвөртөлнө гэсэн үг. Гэхдээ "Парис-2024" олимпын хүндийг өргөлтийн тэмцээнд нэг улсаас нэг жинд нэг тамирчин, эрэгтэй, эмэгтэй аль нэг төрөлд дээд тал нь гурван тамирчин, нэг үгээр нэг улсаас дээд тал нь 6 тамирчин л орох эрхтэй. Тиймээс чансаанд давхацсан тохиолдол гарвал огшоох зарчмаар шийднэ.

Чансаагаар ингээд 100 эрх олгогдоно. Одоо 20 эрх үлдсэн. Үүнээс дөрвийг нь (эр 2, эм 2) зохион байгуулагч Францад олгоно. Үүний дараа тивүүдийн төлөөлөлд 10 эрх (тив тус бүр хоёр) олгоно. Үлдсэн 6 эрхийг ОУОХ, ЗБХ, ОУХӨХ гэсэн гурвалсан комиссын шийдвэрээр бүхнийг тэгш хамруулах зорилгоор олгох юм.
 


"Парис-2024" олимпын эрхийг авах тамирчин 2023 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны дөрөвдүгээр сард Тайландад болох Дэлхийн цомын тэмцээнд заавал оролцсон (онцгой хүндэтгэх шалтгаангүй бол) байх шаардлагатай.

Яг одоогийн байдлаар IWF (Олон улсын хүндийг өргөлтийн холбоо)-ны чансаагаар 64 кг-ийн жинд Ази тивийн аварга Ганзоригийн Ануужин тавд, 81 кг-ийн жинд Дэлхийн аварга  Мөнхжанцангийн Анхцэцэг есдүгээрт эрэмбэлэгдэж байна.

"Парис-2024" олимпын хүндийг өргөлтийн тэмцээн 2024 оны наймдугаар сарын 7-11-нд Paris Expo цогцолборын "South Paris Arena 6" танхимд явагдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ABCD-korea-gaas(117.111.2.31) 2023 оны 09 сарын 06

Амжилт хүсэе

0  |  0
Top