Ковид яагаад нүдийг өвчлүүлж байна вэ, нүдээ хэрхэн ХАМГААЛАХ вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 15


Коронавирусний цар тахал дэлхий дахинд багасч, амны хаалт зүүх, зай барих, гараа тогтмол угааж, ариутгах зэрэг эрүүл ахуйн шаардлагууд мартагдсан гэхэд болно.

Манай улсад ч өнгөрсөн гуравдугаар сарын дунд үеэс ковидын халдварын тохиолдол илрээгүй юм. Улс орнуудын хилээр нэвтрэхэд ч ковидын шинжилгээ шаардахаа больсон. Тэгвэл ковидын халдвар сүүлийн үед илрэхдээ нүд өвчлөх байдлаар илэрч байгаа тохиолдол бүртгэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ковидын вирус яагаад нүдийг өвчлүүлдэг талаар болон нүдээ ковидоос хэрхэн хамгаалах талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Нүд өвдөх нь ковидын шинж тэмдгүүдэд багтсаар иржээ
 


Ковид-19 нь цар тахлын шинж чанартай ч уг вирус үхлийн аюултай биш юм. Харин энэ өвчний үед илрэх шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил учир ковидын халдварыг батлахын тулд шинжилгээ хийх шаардлагатай болдог.

Ковидын хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин болон бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, нүд өвдөх, загатнах, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг орно.

Коронавирусний халдвараар хүн нүдний салст бүрхэвчээрээ дамжин өвчилж болох тул ковидын цар тахал эхэлсэн үеэс л бидэнд бохир гараараа нүдэндээ хүрэхгүй байхыг анхааруулсаар ирсэн. Мэргэжилтнүүдийн онцолсноор ковидын Омикрон хувилбарын халдварын шинж тэмдгүүдийн нэг нь нүдний гаднах бүрхүүлийн үрэвсэл байж магадгүй аж.

Омикроны 10 тохиолдлын нэг нь нүдний салст бүрхэвчээр дамждаг
 


Эмч нар Омикроны халдварын өөр нэг замыг тодорхойлсон нь уг шинэ омгийн тархалтын хурд их, халдвар өндөртэй байдал нь коронавирусийг нүдээр их нэвтрүүлдэг байна.

Халдварын 10 тохиолдлын нэг нь нүдний салст бүрхэвчээр дамждаг аж. Омикроны халдвар нь нүдний гаднах бүрхүүлийн үрэвсэл үүсгэж болох учир өвчтөнд толгой өвдөх болон хамрын ханиадны шинж тэмдэг илэрнэ.

Ковидын үед нүдний салст бүрхүүл үрэвсэх нь цар тахлын эхэн үеэс ажиглагдсан. Халдварын энэ шинж тэмдэг бүр Уханиас эхлэн бүртгэгдсэн юм.

Вирус нүдийг хэрхэн өвчлүүлдэг вэ?
 

Вирус салстыг орох хаалга болгон ашигласнаар нүдний бүрхүүлийг гэмтээдэг байна. Ийнхүү өвчтөнд хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илэрч болно. Нүд нь улайж, зовхи загатнаж, гэрэлд мэдрэг болж, нулимс ихээр гоожиж, нүдэнд элс орсон мэт мэдрэмж төрж, зовхи хавагнаж, нүд бүрэлздэг байна.

Нүдний салст бүрхэвч нь коронавирусний хувьд таатай орчин болдог аж. Нийлэг бүрхүүл нь вирусний үржлийг удаан хугацаанд дэмждэг байна. Ковидоор өвчилсөн хүний нүдний салст бүрхэвчээс арчдас авахад сар гаруйн хугацаанд шинжилгээний хариу эерэг хэвээр байжээ. Харин хамар, залгиураас нь коронавирус илрэхээ больсон байна. Үрэвссэн судаснуудаас шингэн ялгарсны үр дүнд вирус нүд рүү нэвтрэх хувилбарыг мөн эмч нар тайлбарлажээ. Нүдний гадаргуу дахь эсүүд, түүний дотор нүдний салст бүрхэвч нь SARS-CoV-2-т мэдрэмтгий байдаг бөгөөд вирус хүнээс хүнд дамжихад нэвтрэх хаалга, нөөцлөгч болдог.

Ковидоор өвчилсөн эмэгтэйд нүдний хурц үрэвсэл үүссэн

2022 онд ковидоор өвчилсөн 64 настай эмэгтэйд нүдний хүнд өвчлөл үүссэн талаарх жишээг дурдъя. Хятадын шинжээчдийн багийн ярьснаар эмэгтэй эмнэлэгт ирэхдээ ханиалгаж, халуурч, гүйлгэж байжээ. Эмнэлэгт анх хэвтэхэд түүнд нүдний өвчлөл илрээгүй бөгөөд 18 хоноод бүх шинж тэмдэг арилж, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Гэвч 10 хоногийн дараа эмэгтэйн зүүн нүдний хараа муудаж, өвджээ. Удалгүй баруун нүднийх нь хараа муудсан байна.

Ийнхүү нүдний хурц үрэвсэл болсон эмэгтэй мэс засалд оржээ. Мэс заслаар түүний нүдний ковидын вирусээр гэмтсэн судлыг авсан байна.

Илүү хөнөөлтэй мутац үүсэхийг үгүйсгэхгүй

Коронавирусний цар тахал дууссан гэж сэтгэл амрахад эрт байгааг мэргэжилтнүүд хэлжээ. Ямар нэг шинэ, бүр илүү хор хөнөөлтэй мутац үүсэхийг үгүйсгэхгүй аж.

Вирус нь халдвар авсан хүний ​​амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед) буюу ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Мөн хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж, халдвар авдаг. Ковидын вирус нь гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдрийн турш амьдрах боломжтой боловч энгийн ариутгагч бодист устах боломжтой.

Нүдээ коронавирусний халдвараас хамгаалах хамгийн энгийн алхам бол гараа тогтмол угааж, цэвэр байлгахад анхаарч, ямар ч тохиолдолд нүдэндээ гараа хүргэхээс зайлсхийх арга хэмжээ юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top