Такакэйшёо түрүүлсэн Хацү башёгийн аварга, тусгай шагналтнууд

2023 оны 01 сарын 23

Токио хотноо өчигдөр (2023.01.22) мэргэжлийн сүмо бөхийн 2023 оны анхны тэмцээн хөшгөө хаалаа.

Ёкозүна Тэрүнофүжи гэмтэлтэй тул энэ башёд озэки Такакэйшёо манлайлан барилдав. Митакэүми, Шёодай нар озэки цолоо алдсан байсан учир залуу заанууд арслан цолны төлөө өрсөлдөж эхэлсэн ширүүн тэмцээн болж өнгөрлөө.

Үнэхээр сүмод одоо хүчтэй, залуу, шижигнэсэн озэки агаар ус мэт хэрэгтэй байгаа бөгөөд Хацү башёд зодоглосон 4 сэкивакэ, 4 комүсүби бүгд арслан цолны дайралт хийх гараа буюу арваас дээш давахыг эрмэлзэж байлаа.
 


Харин энэ хүнд нөхцөлд цорын ганц озэки Такакэйшёо том цолтны үүрэг, хариуцлагаа 100 хувь биелүүллээ. Түүний хувьд тэмцээний хоёр дахь өдөр унаж, тааруухан эхлүүлсэн ч 12 даваатай, гурав дахь удаагаа түрүүлж чадлаа.

Такакэйшёотой аваргын төлөө маэгаширагийн 13 дахь бөх Котошёохо өрсөлдөж, сүүлийн өдөр ялагдсан юм. Манай бөхчүүдийн хувьд сэкивакэ Хоошёорюү сүүлийн хэдэн өдөр гэмтэлтэй барилдсан ч ямар ч гэсэн найм давж чадлаа.
 


Харин комүсүби Кирибаяма 11 давж, озэки цолны төлөө дайралт хийх анхны эрхээ авахад алхам ойртлоо. Бас нэгэн баяртай мэдээ бол макүшита зиндааг толгойлон барилдсан Тамашёохо хэмээх Э.Энхманлай 4 давснаар ирэх башёд жюүрёод барилдах болж байна.

Жүдогийн Эрдэнэбилэг багшийн хүү тэрээр 11 жил барилдан, сэкитори болж, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадлаа. Мөн жюүрёогийн Хокүсэйхо дээд зиндаанд хүч сорих боллоо.
 

Мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаанд монгол залуу түрүүллээ. Казэноүми хэмээх Цогоо Билгүүн 6 даваатай гурван бөхийн халз барилдаанд түрүүлж, мэргэжилд анхны тэмцээндээ анхны түрүүгээ хүртлээ.

ХАЦҮ БАШЁГИЙН АВАРГУУД
 

Макүүчи - озэки Такакэйшёо, 12-3

Токиваяма дэвжээ, 26 нас

Хёого мужийн уугуул, 2014 оноос барилдсан.

Жюүрёо - Асанояма, 14-1

Такасаго дэвжээ, 28 нас

Тояама муж, 2016 оноос барилдсан.

Макүшита - Очиай, 7-0

Миягино дэвжээ, 19 нас

Тоттори муж, 2023 оноос барилдсан.

Санданмэ - Кайзэн, 7-0

Асакаяма дэвжээ, 29 нас

Кагошима муж, 2016 оноос барилдсан.

Жонидан - Такэрэфүжи, 7-0

Исэгахам дэвжээ, 23 нас

Аомори муж, 2022 оноос барилдсан.

Жонокүчи - Казэноүми, 6-1

Ошиогава дэвжээ, 19 нас

Монгол, 2022 оноос барилдсан.

Хацү башё тусгай шагналын эзэд

Кантошёо – Дайчин барилдааны шагнал

Маэгашира 13 – Котошёохо, 11-4

Садогатакэ дэвжээ, 23 нас

Чиба муж, 2017 оноос барилдсан.

Гиношёо – Уран барилдааны шагнал

Комүсүби - Кирибаяма, 11-4

Мичинокү дэвжээ, 26 нас

Монгол, Дорнод аймаг, 2015 оноос барилдсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top