Б.Нургулан: Малчид гар дээр байгаа өвс тэжээлийн 30 хувийг зарцуулаад байна 

2023 оны 01 сарын 05

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаас өвөлжилтийн нөхцөл байдал, аймгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодрууллаа. 


-Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна?

-2022-2023 онд Баян-Өлгий аймагт 2 сая 500 мянга буюу хонин толгойд шилжүүлснээр 4.2 сая толгой мал өвөлжихөөр тооцоо гарсан. Аймаг нийтдээ 3.5 сая га талбай бэлчээртэйгээс 6 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 4 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн 80 орчим хувь нь бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн. Үүнээс шалтгаалж Баян-Өлгий аймагт байгаа мал сүрэг бэлчээрээр өвөлжих боломжгүй, нэн эрсдэлтэй, өвөлжилт хүндрэх төлөвтэй аймаг гэдэг дүгнэлт гарсан.

Өнөөдрийн байдлаар аймагт өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй болоод эхэлсэн. Уулын буюу Улаанхус, Цэнгэл, Сагсай, Алтай, Буянт, Дэлүүн, Булган зэрэг суманд маш их хэмжээний цас орсон. Цас хунгарласан газраар 50-80 см, нийт газраар 30-50 см, тал газраар 10 см орчим цасан бүрхүүлтэй байна. Баян-Өлгий аймаг нийт 13 сумтай. Бүгд шахуу хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. 

-Зуншлага тааруу байсан учир өвөлжилт хүндрэх нь эртнээс тодорхой болсон. Тиймээс аймгийн хэмжээнд болон малчдын түвшинд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан байх?

-Өвөлжилтийн хүндрэл, эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгаас нэлээн эртнээс арга хэмжээ авч, өвөлжилтийн бэлтгэлийг эрт хангуулах чиглэлээр ажлууд зохион байгуулсан. Тухайлбал, малчдад болон сумдын удирдлагад өвөлжилт хүндэрнэ гэдгийг эртнээс мэдээлж, урьдчилан сэргийлэхийн тулд өвс, тэжээлийн нөөцөө бүрэн хангах, малын хашаа хороогоо дулаалж засах, сэлбэх, бэлчээрийн даацаас илүү малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг удаа дараа тавьсан.

2022 онд аймгийн хэмжээнд малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс тэжээлийн 94 хувийг бэлтгэсэн бол аймаг 100 тонн өвс бэлтгэхээс 310 тонн, 50 тонн тэжээл бэлтгэхээс 200 тонн бэлтгэсэн. Үндсэндээ 400 орчим хувиар аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрэн хангасан. Сумдын хувьд сум бүр 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэхээс 412 тонн өвс, 214 тонн тэжээл бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар малчид өөрсдийн гар дээр байгаа өвс, тэжээлийнхээ 30 орчим хувийг зарцуулаад байна. 

-Аймгийн зүгээс өвөлжилтийн нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авч байна?

-Өвс, тэжээлээр бүх малыг тэжээх боломжгүй гэж үзэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж багагүй хэмжээний мах бэлтгэсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 1500 тонн мах бэлтгэн Казакстан, Иран, Узбекистан, Киргизистан улс руу экспортолсон. Мөн Улаанбаатар хотод байгаа махны үйлдвэрүүдэд нэлээн хэмжээний мах нийлүүлсэн. Эдгээрээс гадна аймгийн махны үйлдвэрүүдийн зоорь, агуулахад 1500 тонн мах нөөцлөөд байна.

2022 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, төл хүлээн авах ажлыг зохион байгуулах, зохицуулах шуурхай штаб байгуулж, 7 хоног бүр сумдаас мэдээлэл авч байгаа. Мөн энэ 7 хоногоос эхлэн сумдын мэдээллийг нэгтгэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэх ажлууд хийж байна. 

-Өвөлжилтийн хүндрэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр ямар тусламж, дэмжлэг шаардлагатай байна вэ? 

-Мал зутрахаас өмнө ялангуяа эрсдэл даах чадамжгүй өрхүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран  эртнээс зохион байгуулах, хоёрдугаарт, бэлтгэсэн байгаа махыг зах зээлд гаргах, худалдаалах, экспортлох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг хэрэгтэй байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top