“Нүүрсний хэрэг”-т ял завшуулахгүй гэлээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Тавантолгой дахь  нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах “Ерөнхий хяналтын сонсгол” лхагва гаригт /2022.12.21/ Төрийн ордонд боллоо.

Энэ сонсголоор:

 

  • Нууцаас ил болсон гэрээнүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл

 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцаас ил болсон  гэрээнүүд

 

  • Тавантолгой Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдтэй холбоотой нууцаас ил болсон хоёр гэрээ, тэдгээр гэрээнд тусгагдсан төмөр замын өртөг, бүтээн байгуулалтын хэрэгжилт

 

  • 2013 оноос хойших нүүрсний хэргүүдийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл

 

  • -Гаалийн ерөнхий газраас хийсэн шалгалтын тайлан, түүний шийдвэрлэсэн байдлын талаарх тайлан мэдээлэл

 

  • -Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон, шалгагдаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлын талаар

 

  • -Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар холбогдох байгууллагуудын тайлан, мэдээлэл зэрэг асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, УИХ-ын гишүүд асуулт асууж, иргэд  санал гомдол, шаадлага, байр сууриа илэрхийлэв.

 

Тус сонсголыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар даргалан явуулсан.

Оролцогч иргэдийн зарим нь  хугацаандаа бүртгүүлээгүй, тэгсэн атал Төрийн ордон руу нэвтэрнэ хэмээн бухимдан “нүцгэлэх” зэргээр эсэргүүцэл илэрхийлсэн бол зарим нь дотор орсон хойноо танхимын багтаамж, зохион байгуулалтыг шүүмжлэн үймээн, шуугиан үүсгэсэн. Иймд 10.00 цагт эхлэх байснаа  завсарлага авч “Их танхим”-д хийх бэлтгэл хангаснаар 13.00 цагт сонсголыг нээсэн юм.

 

Б.ЖАВХЛАН: НИЙТ НҮҮРСНИЙ 90 ХУВИЙГ НАЙМАН КОМПАНИ ГАРГАСАН

 

Сангийн яамны мэдээллийг салбарын сайд өгсөн. Тэрбээр "Монгол Улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 80 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх экспорт. 336 сая тонн нүүрс экс­порт­лоод, 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан. 2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төг­­рөгийн акт тавьсан. Түүнчлэн Гаалийн бай­гууллага 2013-2018 онд дотоод хяналт шал­галт хийж, хэд хэдэн үйлдлийг илрүүлэн хуу­лийн байгууллагад шилжүүлсэн байдаг” гэв.

 

ЗТХЯ: "С" ЗӨВШӨӨРӨЛ 50МЯНГЫГ ОЛГОНО

 

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “С” зөвшөөрлийн талаар “Манай улс БНХАУ-тай 2011 онд Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр”-ийг шинэчлэн баталж, хариуцсан яам хоорондын протоколыг байгуулсан. Энэхүү хэлэлцээрт хэлэлцэн тохирогч талууд нөгөө талынхаа нутаг дэвсгэрт нэвтрэх тээврийн хэрэгсэлд нөгөө талаас өгсөн зөвшөөрлийн бичиг олгон хил нэвтрүүлэх зохицуулалт тусгагдсан бөгөөд БНХАУ-тай зорчигчийн байнгын тээвэр буюу “А” төрөл /тухайн жилдээ хүчинтэй/, байнгын бус зорчигч тээвэр буюу “B” төрөл /нэг удаагийн/, байнгын ачаа тээврийн буюу “C” төрөл /3 сарын хугацаанд олон удаа хил нэвтрэх/, түр хугацааны ачаа тээвэр буюу “D” /нэг удаагийн/, овор ихтэй ачаа тээврийн буюу “E” төрөл /нэг удаа/, аюултай ачаа тээврийн буюу “F” төрөл /нэг удаагийн/, зорчигчийн тогтмол тээврийн автобусыг дагаж тээш тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгодог “A-C” гэсэн төрлийн зөвшөөрлийн бичгийг солилцож, ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн олгодог "C" зөвшөөрлийн олголтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Хоорондын үл ойлголцлын асуудал байгааг зөвшилцөж шийднэ. Ирэх онд 50 мянган "С" зөвшөөрөл олгоно" гэлээ.

 

Г.ЭНХТАЙВАН: ГАШУУНСУХАЙТЫН ГААЛЫН БАЙЦААГЧДЫГ ШАЛГАЖ БАЙГАА

 

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх мэдээлэлдээ "Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан гэх асуудал шалгагдаж байгаа. Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон мэдээлэл Хил хамгаалах ерөнхий газарт байдаг. 2013 оны мэдээллээр 2010-2011 оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй гэх үйлдлийг Гаалийн ерөнхий газрын албан хаагчид илрүүлсэн байдаг. 2013-2017 оны хооронд нүүрс тээврийн 86 аж ахуйн нэгжийн 2527 машин улсын хилээр гарсан бүртгэлтэй.

"Тавантолгой" ХК-ийн экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ нэг сая тонн нүүрс илүү гарсан байна. Гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Мөн 12 аж ахуй нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүйгээр 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т 2018 оны долдугаар сарын 17-нд хандсан.Хятад, Монголын гаалийн байгууллагын статистикийг харьцуулж хардаг. Хятадын тал нүүрс хүлээж авсан эсэхийг нотлосноор хэн буруутайг гаргаж ирнэ. Гашуунсухайтад ажиллаж байсан хоёр ч гаалийн улсын ахлах байцаагчийг шалгаж байгаа" гэв.

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” 369.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээлэлдээ “Манай компаниас 110 сая ам.долларыг бэлнээр төлсөн гэв. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой одоогоор 369.5 сая ам.долларын борлуулалт хийгээд байна. Үүнээс 143.8 сая ам.долларыг Монголбанканд тушаасан. Нүүрсээр төлж барагдуулна гэж 51.1 сая ам.доллар, урьдчилж олсон орлого дээр 185.8 сая ам.доллар нэмсэн. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 286.0 сая ам.доллар байна. "Эрдэнэс тавантолгой" ХК-аас Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын өртгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Төслийн анхны ТЭЗҮ-ийг тодотгож, нийт өртөг нь тэрбум 282 сая ам.долларын төсөвтэй гэж гаргасан" хэмээв.

 

АТГ: 50 ГАРУЙ ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, 20 ГАРУЙ ХҮНИЙГ БАРИВЧИЛСАН

 

АТГ-ын дарга З.Дашдаваа мэдээлэлдээ “Нүүрсний” гэх хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор 50 гаруй хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татсан, 20 гаруй хүнийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. АТГ “Нүүрсний” гэх хэрэгт ямар нэг этгээдэд ял завшуулахгүй учраас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top