Хятадын тэрбумтан Жек Ма Япон руу нүүжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

 

Хятадын тэрбумтан, “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма зургаан сарын өмнө гэр бүлийн хамтаар Япон руу нүүжээ.

“Financial Times” хэвлэлд мягмар гарагт /2022.11.29/ мэдээлснээр, Жек Ма Токио хотын төвд оршин сууж байгаа ба хотоос гарч, цанын бааз, халуун рашаанд тогтмол очиж амардаг байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Израил, АНУ-д хэд хэдэн удаа зорчжээ. Японд нийгмийн оролцоогоо хязгаарласан Ма Хятадаас хувийн тогооч, бие хамгаалагчаа авчирсан байна.

2020 оны аравдугаар сард Ма Хятадын санхүүгийн тогтолцоог шүүмжилж, шинэчлэхийг уриалсан билээ. Мөн оны арваннэгдүгээр сард “Alibaba” компанийн охин компани болох “Ant Group” түүхэнд бичигдэх хэмжээний хувьцаагаа Шанхай, Хонконгийн биржээр гаргах байсан ч БНХАУ-ын эрх бүхий байгууллага санхүү, техникийн шалгалтын нөхцөл өөрчлөгдсөн гэх нэрийдлээр арга хэмжээг гэнэт зогсоосон юм. 2021 оны эхээр БНХАУ-ын Зах зээлийн хянах газар “Alibaba” компанид монополь шинжтэй үйл ажиллагаа явуулсны төлөө түүхэн дэх хамгийн өндөр торгууль ногдуулж байв.

2022 оны байдлаар түүний хөрөнгө 22.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Тэрбээр дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 67-д, Хятадын чинээлэг эрхмүүдийн жагсаалтад зургаад бичигдэж байна. 2020 оны аравдугаар сард түүний хөрөнгө 66.6 тэрбум ам.долларт хүрч, Хятадын тэргүүн баянаар тодорч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top