Хүйтэн өглөөний ХҮҮРНЭЛ...

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Цасан хялмаа хаялсан энгийн л нэг өвлийн өглөө. Гэвч жавар нь урьд урьдынхаас илүү хацар хайрч, хөдөлгөөнгүй зогсох төдийд л "хөшөө" болгох дөхнө. "Өвөл ийм хүйтэн болдог билүү" гэх бодол зурсхийж, утасныхаа цаг агаарыг хартал -33 хэмийг заах аж.

Хувийн санхүүдээ "0" зогсолт хийхгүйн тулд хэрэндээ хэмнэх гэж автобусны буудалд шамбааралдсан олны дунд би зогсоно. Хажууханд хөх куртиктэй, туранхай бор залуу зогсоо зайгүй чичирч, түүний цаах нь ахлах ангийн гэмээр хөвгүүд хөлдүү гутлаа хооронд нь хавсран, дэвхэцнэ. Хүн бүр амандаа "Яасан ирдэггүй автобус вэ", "Яасан хүйтэн өглөө вэ" хэмээн уур савсуулан өгүүлэх аж.

Автобусны буудлыг зорин ирснээс хойших гучин минутад хоёр л автобус түр зогссон нь хоёулаа "Оффицеруудын ордон" орох чиглэлтэй. Даанч эсрэг зүгт авч одох учраас тэвчээр заан гүрийж үзэв. Дараагийн гучин минутад гурван автобус ирэв. Нэг нь "Зайсан-Дэнжийн мянга" чиглэлд явах бол нөгөө хоёр нь "Буянт-Ухаа -120 мянгат" гэх хаягтай автобуснууд байлаа. Гэвч тэд 120 мянгатын буудал дээр зогсдоггүй бололтой юм.

Ийнхүү автобусны буудал дээр ажиглалт хийсэн нэг цагт таван нийтийн тээврийн бараа харав. Хөл үзүүрээсээ хөрж эхлэхтэй зэрэгцэн, өвдөг, гуяны дотор тал мэдээ алдан час, час хийж байснаа төд удалгүй халуу төөнөж буй мэдрэмж төрнө.  Автобус иртэл арагш эргээд "GS25" руу оръё гэтэл шилэн хаалга нь хагарчих вий гэмээр залуус пиг харагдав. Урдхан нь байх кофе шоп руу зүглэтэл ажилласан шинжгүй, тас харанхуй.

Арга ядан такси барихаар утсан дээрээ байршуулсан такси дуудлагын ухаалаг аппаа нээв. Ойрмогхон хэд хэдэн такси байх авч дуудлага авсангүй. Локэйшн нь хөдөлгөөнгүй байгааг илтгэж байх ч ирэх сонирхолтой хүн байхгүй байгаа нь илт. Зургаан удаагийн оролдлогыг гурвантаа хийж үзээд арга ядан хувийн таксинд гар өргөхөөр шийдэв. Надтай ижил хүмүүс бараг км орчим газарт цувран зогсож, нэгнээсээ өрсөн такси барих "итгэл" өвөртлөн зогсоно. Өмнө нь ирээд гар өргөх нэгнийг өшиглөх нь холгүй хөөнө. Ийм өрсөлдөөн дунд такси олох нь бүтэхгүй. Гэвч цаг гаруйн хугацаанд гадаа зогссон бие минь хүйтэн жаврыг тэсэж гарах нь эргэлзээтэй. Нэгэнт гэрээс гараад хол ирчихсэн учир буцахад хэдийн оройтсон...

Дэмий л нөмөртэй газар, нөөлөгдүү нэгнийг бараадан таксинаас өмнө автобус маань ирчхээсэй гэх горьдлого тээн зогсож байв. Азаар, хажуугаар гарсан залуу дэргэд түгжирч зогссон приус 30-ийн цонхыг цохиод "Номын сан дээр буулгаад өгөөч. Аваад явчих л даа..." гэж гуйхтай зэрэгцэн би ч зориг орж, Тэнгис рүү явчих л даа гээд хашхираад авав. Ашгүй жолооч эр цонхоо нээснээ "Тэнгис, номын сан хоёр суучих..." гэлээ... Өмнө нь ийм сайхан, дулаан үгс сонсож байгаагүй мэт баярлав. Хүн амьтан мөрлөөд л гүйгээд суутал араас хоёр бүсгүй "Тэнгис гэсэн үү хамт явчихъя л даа. Хөлдлөө" гэсээр ороод ирэв. Ийнхүү бид дөрөв болж аваад цааш хөдөллөө. Зам дээр зайрмаг болох гэж байсан дөрвөн нөхрийг хүн чанар гарган авсан ах дойдгор байна аа "За яах вэ ганц өдөр хүмүүст буян больё" гэж чанга чанга инээнэ.

Дулаацсан дөрвөн зорчигч хүйтний талаар жаал ярилцаад эхнээсээ буух болов. Гүүр даваад л номын сан авсан эрэгтэйгээс ах 4000 төгрөг авав. Залуу итгэл муутайхан 5000 төгрөг сарвайхад ах багсайтал хураасан задгай мөнгөө гаргаж ирж тоолоод 1000 төгрөг хариулав. Цааш Тэнгис кино театрын зүг хөдөллөө. Урд сууж явсан эмэгтэй манайх хүртэл 5000 л гардаг гээд мөнгөө сарвайхад жолооч эр “Одоо бараг 5000 гарч байна. 5000 гарсан газраа буугаарай... Такси олдохгүй, ийм түгжрэлтэй үед км-ийг нь 2000 төгрөгөөр явж байна. Та нарыг авсанд баярла” хэмээн бувтнана.

Харилцаа ч нэлээд ширүүхэн болоод ирэв бололтой. Ард сууж явсан эмэгтэй яг 5000 гарсан газарт нь буугаад урд суусан нь ажил хүрэх болоогүй байна хэмээн гүрийсээр цааш явав. Би ч тэдний хэрүүл дунд “хүч” нэмье гэж бодсонгүй. Тоо ёсоор нь өгье “Та тэгвэл ажлын маань үүдэнд буулгаарай” гэж тохиролцов. Мөнгө ч хүчтэй л дээ. Ах хүү яг 4 км гардаг ажлын маань үүдэнд ирж зогсоод 8000 төгрөг дансаараа шилжүүлж авав. Тийнхүү 4 км-т 17 мянган төгрөгийн ашиг хийгээд амжиж байгаа юм. Өөрийн сонголт учраас би үүнд заргалдаж, барьцаад нэмэр байхгүй л дээ....

Иймэрхүү үйл явдал хүйтний өдөр таардаг л хүн чанаргүй тохиолдлын нэг нь. Сошиалаар дүүрэн хүн чанар нэхсэн, хувийн тоглолт хийсэн багтай хүмүүс. Хачир дээрээ аль мөнгөлөг, аль хол дугарсанд нь үйлчилдэг хорчин зантай. Ер нь сошиал уриалганд нэгдэж, хүүхдээ тэвэрсэн эцэг эх, хацраа хайруулан зогсоо хүүхдүүдийг үнэ мөнгө харалгүй дөхүүлээд өгдөг хэчнээн хүн байдаг бол...

Хувийн “хаагаачид” ямар ч стандартгүй атлаа амандаа орсныг хэлдэг болохоор нь энүүхэндээ хувийн эсэргүүцэл зарлаж, такси компаниудаар хааяа нэг үйлчлүүлдэг байв. Саяхны бас нэг л хүйтэн өдөр цэцэрлэгийн хоёроо дагуулан, эмнэлэгт хүн эргэхээс өөр аргагүйд хүрэн дулаан, шуурхайг нь бодож, “UB cab” дуудав аа. Жолооч ч нэг их удалгүй үүдэнд ирсэн мэдэгдэл явуулав. “Түр хүлээж байгаарай...” гэх тохиргоог нь тааруулан, хоёрыгоо хувцаслаад гарах гэж 20 орчим минут мунгинав. Тийнхүү гараад таксиндаа суух гэтэл “Гарч ирэхгүй болохоор чинь өөр дуудлага авчихсан ... Одоо явлаа” гэж үү. Би шууд шок... “Эгч нь хоёр жижигхэн хүүхэдтэй, халтираад хол явах арга алга цуцлаад цаашаа явчихъя” гэж гуйсан ч тусыг эс олж, учиргүй их гомдоод л машинаас нь буусан даа...

Хувийн компанийн таксинууд өглөө, оройд олддоггүй шалтгаан нь түгжрэлтэй үед “дуудлагаа унтраадаг”-тай холбоотой гэж өөрсдийнх нь ярьж байхыг нэг бус удаа сонсож байлаа. Түгжрэлтэй болохоор явахгүй байна гэхээр өдрийн орлого нь сайн л байдаг хэрэг.

Ер нь яагаад цас, бороо орохоор авто зам нь түгжирч, автобус унаа нь ховордоод, такси нь үнээ нэмчихдэг юм бэ. Энгийн иргэдээс болж, зам түгжирсэн мэт, энгийн биднээс л хэдэн төгрөг нэмж авахгүй бол хоосрох гээд байгаа мэт... Задарснаа чадахгүй байж, ядарснаа залхаан цээрлүүлдэг буруу сэтгэлзүй нийгмээр дүүрэн. Өөрчлөлт өрөөлөөс бус өөрөөс л эхэлдэг баймаар...

 

 

Өөрөөсөө эхэлж чадахгүй бол өрөөлөөс суралцаж, сайн жишгийг хуулбарлаж аваасай. Сонгинохайрхан шиг дулаахан автобусны буудлыг нийслэл даяар байгуулаад, таксины нэгдсэн стандарттай болж, нийтийн тээвэртээ нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг нь олгоод өгөхөд юу саад болоод байгаа юм бол...

Энэ бол 47 жилийн дараа дахин тохиосон “ХҮЙТЭН ӨГЛӨӨ”-ний нэгээхэн дүр зураг байв. Өвлийн эхэн сар ч ширүүхэн эхэлж байна даа...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.233) 2022 оны 11 сарын 29

Биднийг иым ядуу амьдруулж байгаа шуналын тулмуудыг бурхан тэнгэр харж байгаа

0  |  0
Зочин(202.126.89.98) 2022 оны 11 сарын 30

Монголчууд шиг мөнгөний төлөө монгол монголдоо хүн чанар хүний үнэрээ уландаа гишгэсэн үндэстэн энэ хорвоо дэлхий дээр байхгүй. Шившиг2

3  |  0
zochin(202.72.245.194) 2022 оны 11 сарын 29

daaraad bna,tetgever churechgui bna

0  |  0
Top