Академич Д.Доржготовт ШУА-ийн ерөнхийлөгч хүндэтгэл үзүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

"Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртсэн Академич Д.Доржготовыг  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2022.11.28/ хүлээн авч  хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр  ШУА-ийн Ерөнхийлөгч “2022 онд шинжлэх ухааны салбарт болсон үйл явдлуудын оргил нь Монгол Улсын ерөнхийлөгч төрийн дээд шагнал,  Тэргүүн зэргийн одонгоо  нэрт эрдэмтэн Д.Доржготовт олгосон  явдал байлаа. Доржготов гуайн бүтээлүүд  бол үнэхээр гайхамшигтай том бүтээл. Монгол улсад байгаа хөрсний хэв шинжийг төрөл зүйл, физик химийн шинж чанараар нь нарийн тодорхойлж өгсөн түүний бүтээлийг  сум багийн засаг дарга нараас  эхлээд Улсын ерөнхийлөгч хүртэл бүх хүн ашиглаж болохуйц бүрэн хэмжээний цогц бүтээл болсон. Бүрэн хэмжээний судалгааны үр дүнг  хэрэглээнд нэвтрүүлдэггүй гэж биднийг шүүмжилдэг.

Гэтэл  бодит байдал дээр энэ мэт  том  үр дүн аль хэдийн нэвтрээд явж байгаа юм байна  гэдгийг төр засгийнхан ойлгож байх шиг байна.  Нэрт эрдэмтний бүтээлийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг төрөөс  үнэлж хамгийн өндөр шагналаа өгч байгаа нь Монгол улсын ШУА,  харьяа хүрээлэнгүүд,  монголын эрдэмтэн судлаачид, монголын ард түмэн баяртай хүлээж авч байна” гэлээ.

Мөн “Өнөөдрийн байдлаар 14 хүнд  “Чингис хаан” одонг олгоод байгаагийн 5 нь ШУА-ийн академичид байна” гэдгийг онцолсон юм. Академич Д.Доржготовын тухайд 1961 оноос хойш  энэ байгууллагаар овоглож, өөрийн өссөн, төрсөн гэр орон шиг санагдах болсон энэ сайхан хамт олон хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байна. Энэ шагнал бол та бидний хамтын шагнал гэдгийг хэлж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top