Катар-2022: Ногт ганзагалсан Аргентин отон тоглолтод бүдэрлээ

2022 оны 11 сарын 23

Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны сенсаци өчигдөр гарлаа. Альбиселеста буюу цагаан - цэнхрүүд дэлхийн аваргын анхны тоглолтдоо сүүлийн 36 тоглолт дараалан ялагдаагүй гэсэн аймшигт рекордтой ирсэн байв. Катарт түрүүлэх хамгийн магадлалтай баг гэж нэрлэгдэн, Лионель Мессиг ногт ганзагалаад иржээ хэмээн бүгд ярьж байв. Дэлхийн чансааны ялгаа, тоглогчдын зах зээлийн үнэ гээд Аргентин, Саудын Арабын ялгаа дэндүү их байлаа. Хамгийн эрэлхэг зоригтой бооцоо тавигчид ч Арабын талд мөнгө тавихаас айж байсан биз ээ.

Ингээд тоглолт эхэллээ. Цагийн зүү 1:35 зааж байхад Аргентинд эхний боломж гарлаа. Мэдээж энэ нь Месси байлаа. Тэрээр торгуулийн талбайнаас гарч ирсэн бөмбөгийг буланд цохисон ч хаалгач Мохаммед Аль-Оваис хааж чадлаа. Гэхдээ Мохаммед найман минутын дараа Мессигийн дараагийн цохилтыг хааж чадаагүй. Шүүгч ВАР үзсэний эцэст маргаантайнхан пенальти заасан, Месси ч оруулсан. Гэхдээ энэ гоол Аргентины талд муугаар нөлөөлсөн гэхэд болох юм. Бараг энэ пенальтиг заагаагүй бол аргентинчууд хожих магадлал өндөр байлаа.

Саудын Арабын багийнхныг магтахад тэд хурдан гоол алдаад огт сандраагүй. Дасгалжуулагч Эрве Ренар тоглолтын тун тодорхой төлөвлөгөөтэй байлаа. Хамгаалалтын шугамаа урагш нь шахаж, аргентин довтлогчдыг отон тоглолтод оруулах. Хамгаалагч нар дасгалжуулагчийн даалгаврыг тайван гүйцэтгэж, өөрийн боломжоо хүлээж байв. Өрсөлдөгчөө торгуулийн талбайд шахаж чадахгүй аргентинчууд хамгаалагч нарыг давуулан, холын дамжуулалт өгөх ч отон тоглолтод орно. Эхний үед л Аргентины баг найман удаа отон тоглолтод орж, гурван гоолоо “тооцуулсангүй”. Хамгаалагч нарын нэг нь л ганц мөч хоцроход л отон тоглолт бүтэлгүй болох тул тун эрсдэлтэй тактик. Харин арабууд маш амжилттай хэрэгжүүллээ.

Аргентины одод ийм багийн эсрэг тоглох ямар ч хувилбар байсангүй. Тоглолт дуустал бодож олж чадсангүй. Эхний үед гурван гоолоо хүчингүй болгуулсан дасгалжуулагч Скалони завсарлагаар сөрөг тактик бодож олох биз гэж найдсан ч хоёрдугаар үеийн эхлэл аргентинчуудыг нэг мөсөн шоконд оруулсан юм. Саудын Арабын сөрөг довтолгоо Салех Аль Шехригийн гоолоор өндөрлөлөө. Тавхан минутын дараа Салем Аль-Давсари Аргентины дөрвөн хамгаалагчийг хууран, алсын буланд цохисныг хаалгач Эмилиано Мартинес хааж чадсангүй. Сэлгээний суудлаас Лисандро Мартинес, Хулиан Альварес, Энцо Фернандес нарыг гаргасан ч тусыг эс олов. Хаалга руу цохихгүй, торгуулийн талбайд нэвтэрч чадахгүй, яаж ялах гээд байгаа нь ойлгомжгүй.

Харин Саудын Арабын баг цэнгэлдэхэд цугларсан араб түмнийхээ дэмжлэгтэйгээр хаалгаа эрэлхгээр манасаар. Бөмбөгний төлөөх тэмцэлд амь хайрлахгүй зүтгэж, Месси бөмбөг авбал хоёр, гурвуулаа бөөгнөрөөд салгачихна. Хаалганд нь ирсэн цөөн хэдэн цохилтыг хаалгач Аль-Оваис хаачихна. Түүний хувьд амьдралынх нь түүхэн тоглолт байлаа. Шүүгч уламжлал ёсоор урт гэгч нь нэмэлт цаг заасныг ч тэд амжилттай туулж чадсан. Тиймээ, ДАШТ жинхэнэ утгаараа эхэллээ.

Аргентин – Саудын Араб 1:2 (1:0)

Гоол: Месси, 10 – пенальти – 1:0. Аль Шехри, 48 – 1:1. Аль-Давсари, 53 – 1:2.

Аргентин: Э. Мартинес, Молина, Ромеро (Лисандро Мартинес, 59), Отаменди, Тальяфико (Акунья, 71), де Пауль, Паредес (Э. Фернандес, 59), ди Мария, Месси, А. Гомес (Х. Альварес, 59), Лаутаро Мартинес.

Саудын Араб: Аль-Оваис, Абдулхамид, Аль-Тамбакти, Аль-Булайхи, Аль-Шахрани (Аль Бурайк, 90+8), Аль Шехри (Аль-Ганам, 78), Канно, Аль-Мальки, Аль-Давсари, Аль-Фарадж (Аль-Абид, 45+4; Аль-Амири, 88), Аль-Брикан (Асири, 89).

Шар хуудас: Аль-Мальки, 67. Аль-Булайхи, 75. Аль-Давсари, 79. Абдулхамид, 82. Аль-Абид, 89. Аль-Оваис, 90+1.

Шүүгч: Винчич (Словени).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top