Хүүхдүүдийн дунд КОВИД, ТОМУУ ХАВСАРСАН тохиолдол нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.18/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалт, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд амбулаториар үйлчлүүлж буй иргэдийн 10 орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа аж. Хэвтэн эмчлүүлэгчдийн 15 хувь нь томуу, томуу төст өвчний хүнд хэлбэрээр оношлогдон эмчлүүлж байна.

Орон нутгийн эмнэлгүүдийн 50 орчим хувьд өвчний тохиолдол идэвхжсэн, дөрвөн аймаг алаг цоог түвшинд байгаа ажээ. Өвчний тохиолдол хүүхдүүдийн дунд хамгийн өндөр буюу 60 гаруй хувьтай байгаа юм.

Тэдгээр хүүхдүүд нь ихэвчлэн реновирус, воковирусээр түлхүү оношлогдож байгаа бөгөөд хүүхдүүдийн дунд ковид, томуугийн хавсарсан тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн энэхүү хоёр вирус нь хавсарснаар маш хурдан уушгины хатгалгаа болж, хүндрэх эрсдэлтэй байдаг талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тиймээс хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 78 хувийг дархлаажуулалтад хамруулаад байгаа бол жирэмсэн ээжүүд 9.8 хувь, эрсдэл бүхий ангиллынхан 46 хувьтай вакцинжуулалтад хамрагджээ. Улсын дунджаар томуугийн вакцинжуулалт 55.8 хувьтай явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top