Төсвийн орлого, зарлага СҮҮЛИЙН 10 ЖИЛД

2022 оны 11 сарын 10

Өнөөдөр /2022.11.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  

Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төсөлд орлогыг 18 их наяд 921 тэрбум 900 сая төгрөг, зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцож тусгасан бол хэлэлцүүлгийн явцад орлогыг  19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөг болгож өсгөсөн. Ингэснээр төсвийн алдагдлыг 1.5 их наядаас 1.4 их наяд болгож, 100 гаруй тэрбумаар буурууллаа гэж тайлбарлаж буй юм.

Төсвийн алдагдал гэдэг бол эргээд улсын өрийг нэмэгдүүлдэг. Ирэх оны төсвийн төсөлд тусгасан 1.5 их наядын алдагдлын 1 их наядыг Засгийн газрын үнэт цаасаар, 417.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын зээлээр,   132.7 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс  нөхнө гэсэн тооцооллыг өмнө нь танилцуулсан юм.

Энэ 2022 оны төсвийг 2.4 их наядын алдагдалтай баталсантай харьцуулахад, ирэх оны төсвийн алдагдал буурч байгаа боловч, орлого, зарлагын аль алийг өмнөх төсвийн хүрээний мэдэгдлүүдэд тусгаснаас нэмэгдүүлчихсэн. Тухайлбал, төсвийн зарлагын хэмжээг нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд зааснаас 1.3  их наядаар нэмэгдүүлсэн бол, орлогын хэмжээг 17 их наяд 312 тэрбум 200 сая гэж тусгаснаас 1.6 их наядаар өсгөж тооцоолоод байна.

Энэ оны төсвийн алдагдлын  1.4 их наядыг гадаадын зээл тусламжаар шийдвэрлэх бол, Тогтворжуулалтын сангаас төсөв рүү 400  тэрбум төгрөг татахаар тооцсон. Харин үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхнө гэж байсан. Тодотгоход, Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаарх шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийхэд, Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3 хувиар, 2019 онд 14.3 хувиар, 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ.  Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдсан гэсэн дүнг танилцуулсан юм.

Тодотгоход, Монгол Улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм. Харин  2019 оноос анх удаа 10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа 14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж байв. Түүнчлэн 2021 оны төсвийн тухай хуулийг батлахдаа ч, зарлагыг  13.9 их наяд төгрөг байхаар баталсан бол энэ 2022 онд орлогыг 15.5 их наяд, зарлагыг 17.9 их наяд байхаар тооцож тусгасан юм.

Тэгэхээр ирэх 2023 оны төсвийн орлогыг энэ оныхоос 3.5 их наядаар, зарлагыг 2.5 их наядаар өсгөсөн хувилбараар батлах гэж байна.

Судалгаанаас үзэхэд, 2012-2022  он хүртэлх  10 жилийн найман жилд нь Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийг тодотгож өөрчилж байжээ. Зарим жилд хоёр удаа өөрчлөлт оруулж байв. Ихэвчлэн хэт өөдрөг төсвийн орлогын зорилттой төсвийн төсөл өргөн барьснаас төсвийг тодотгох шаардлага үүсдэг. Тодотголоор төсөвлөсөн зардлаа танах, эсвэл төлөвлөөгүй зардлуудыг нэмэлтээр тусгадаг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын төсөөлөл, төлөвлөлт хангалтгүйгээс Засгийн газар зорилгодоо хүрэх нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүйд хүрдэг. Улсын төсвийн орлогын төсөөллийг бодитой хийдэггүй,төсвийн зардлын дунд хугацааны уялдаа байхгүй байна гэж Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн судлаач, эдийн засагчид сануулдаг.

Түүнчлэн сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого, зарлагын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ, хэзээ тодотголууд хийгдэж байсан бэ гэдгийг дараах хүснэгт мэдээллээс харна уу.


НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР


НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГА, ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top