Угсаатны зүй судлаач Г.Цэрэнхандыг “Хүндэт дэвтэр”-т алдаршуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

ШУА-ийн  ахмадын холбоо нь  жил бүр  нэг  хүнийг онцлон “Хүндэт дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай. Өнөө жил энэхүү шагналыг Угсаатны зүй судлаач Доктор Цэрэнхандад  олголоо.

Г.Цэрэнханд нь 1963 онд Москвагийн Улсын Их сургуулийг угсаатны зүйч мэргэжлээр төгсч ирээд эдүгээг хүртэл ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Угсаатан судлалын салбарын эрхлэгч, төслийн удирдагч зэргээр ажиллаж байна.

Тэрээр эрдэм шинжилгээний байгууллагад тасралтгүй 52 жил ажиллах хугацаандаа хөдөө орон нутагт 30 гаруй удаа угсаатны зүйн шинжилгээний ангид ажиллаж, хээрийн судалгааны ажлын аргачлалыг боловсронгуй болгон, XIX-XX зууны монголын малчдын талаар үнэ цэнэтэй мэдээлэл, судалгааны хэрэглэгдэхүүн хуримтлуулж, хүрээлэнгийн баримтын сан хөмрөгийг баяжуулжээ.  

Г.Цэрэнханд “БНМАУ-ын түүх”-ийн гурван ботийн III боть (1969), “БНМАУ-ын нийгмийн бүтэц” (1984), “Орчин цагийн угсаатны явц ба социалист ахуй” (1982), “Монголын ард түмэн октябрын замаар” (1977), “Монгол улсын соёлын түүх” 3 ботийн I боть (1999), “Монгол улсын угсаатны зүй” 3 боть зохиолын I, III боть (1987, 1996), “Монголын хураангуй нэвтэрхий толь” I боть (2000) зэрэг арав гаруй хамтын бүтээлүүдэд зохиогчоор оролцож, “Нэгдэлч - малчдын аж байдал” (1982), “Өрх гэр, гэр ахуй” (1972), “Монгол угсаатны түүхэн хөгжлийн явц”(2009), “Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл” (2015) нэгэн сэдэвт зохиолууд бичиж, 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Түүнчлэн “Эрт, дундад үеийн монголчуудын аж ахуй, соёл” (10 х.х) сэдвийг хариуцан гүйцэтгэж, хамтын бүтээлийг 2006 онд нийтлүүлэн, “Монгол угсаатны түүхэн хөгжлийн явц” (15 х.х) нэгэн сэдэвт зохиолыг хэвлэлд бэлтгэжээ.

 Профессор Г.Цэрэнханд нь монголчуудын өрх гэр, түүнд холбогдох зан үйлийн онцлог, малчин айлын нутагшлын тухай угсаатны зүйн хэрэглэгдэхүүнийг соёлын антропологийн арга зүйд тулгуурлан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, өрх гэрийн бүтэц, малчдын нутагшил, нүүдэллэх ёсны уламжлал, түүний хувьслыг бодит жишээн дээр судлан гаргажээ.

Угсаатан судлалын сэдвээр нийтлүүлсэн бүтээлүүддээ монгол угсаатны бүлгүүдийн угсаа - соёлын уламжлалын нийтлэг, өвөрмөц талыг судлахад онцгой анхаарал тавьж, арга зүйн шинэлэг хандлага, санаа дүгнэлт гаргах суурийг тавьж өгснөөрөө угсаатан судлалын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байна.

Г.Цэрэнханд бол Монголын угсаатан судлалын анхны мэргэжилтнүүдийн нэг бөгөөд энэ салбарт оюун билэг, хүч мэдлэгээ дайчлан ажиллаж, олон бүтээл туурвисан нэрт эрдэмтэн, угсаатны зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зуун жил хичээнгүйлэн зүтгэсэн олноо хүндлэгдсэн профессор билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top