Шанхайн “Disney” хаалгаа барьж, хүмүүс паркт хоригдов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Хятадын Шанхай хотын “Disney Resort” паркийн үйл ажиллагааг даваа гарагт гэнэт хааж, тухайн үед байсан бүх хүмүүс ковидын шинжилгээг сөрөг гартал тус паркт хашигдахаас өөр аргагүйд хүрээд байна гэж CNBC мэдээлжээ.

Тус парк даваа гарагт /2022.10.31/ орон нутгийн цагаар 11.39 цагт хаалгаа барьж, ойр орчмын гудамжнуудыг хаажээ. Шанхай хотын эрх баригчдын мэдээлснээр, паркт орох, гарах хөдөлгөөнийг хааж, тухайн үед паркт амарч байсан иргэдийг шинжилгээний хариу гартал паркаас гарахгүй хүлээхийг хүсжээ. Аравдугаар сарын 27-оос хойш “Disney Resort”-д очсон хүн бүр гурван хоногт гурван удаагийн шинжилгээнд хамрагдана. Паркт “гацсан” иргэдэд зарим төрлийн тоглоомоор үйлчилж байна гэж тус паркийн захиргаа мэдэгджээ.

Аравдугаар сарын 30-нд тус хотод ковидын 10 халдвар бүртгэгджээ. Өвчтөнүүдэд шинж тэмдэг илрээгүй байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Disney Resort” ковидын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд мөн хаалгаа барьж, үйлчлүүлж байсан 30 мянга гаруй хүнийг шинжилгээний хариу гартал хорьж байсан удаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top