Алла Пугачевагийн Ардын жүжигчин цолыг хураан авах боломжгүй

2022 оны 10 сарын 31

Украины дайн эхэлснээс хойш эх орноо орхин одсон орос дуучин, жүжигчдийн тоо нэмэгдсээр байгаа. Тэгвэл тэдний цол хэргэмийг хураах санал маш олноор ОХУ-ын Хууль зүйн яаманд ирээд байгаа ажээ.

ОХУ-ын Соёлын яамнаас украин дуучдад “шийтгэл” хэдийн оноосон. Тэдний заримыг ОХУ-д ирэхийг нь хориглож, киноны дүр өгөхгүй, тоглолт хийх эрхийг нь хасаад байгаа. Учир нь Орост ихэнх орлогоо олчхоод ОХУ-ыг шүүмжилж байна гэж үзсэн. Шийтгэл хүлээгчдийн дотор Светлана Лобода, Андрей Данилко, “Океан Ельзи” хамтлаг Святослав Вакарчук, Потап, Настя Каменский, Иван Дорн, “Орёл и решка” нэвтрүүлгийн хөтлөгчид, Мила Сивацкая, Анна Кошмал гээд олон хүн байна.  

Украинчуудыг ингэж шийтгэж болдог байж, харин дайныг эсэргүүцсэн орос уран бүтээлчдээ яах вэ гэдэг асуудал олон хүний санааг зовоож байгаа бололтой. Нэг хэсэг нь гадаадад гарагчдын зах зээлийг авах хүсэлтэй, нөгөө хэсэг нь зүгээр л атаархлын үүднээс гомдол гаргадаг болжээ. Ялангуяа алдарт Алла Пугачева нөхрөө дэмжин, Израилд очсоны дараа Аллагийн Ардын жүжигчин цолыг хураах шаардлага их гарч байгаа гэнэ. Ийм хуулийн төсөл боловсруулж байгаа мэдээ ч гарсан.

Энэ талаар ОХУ-ын Соёлын яамнаас “Худал мэдээлэл байна. Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин цол олгох хууль батлагдаад маш удаж байгаа. Манай яамнаас ямар ч шинэ хуулийн төсөл боловсруулаагүй. Төрийн шагнал, цолыг маш хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнээс л хураан авдаг зарчимтай. Харин ямар нэг гэмт хэрэг үйлдсэн баримт байхгүй үед Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин цолыг хураан авах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж мэдэгджээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top