“Ласковый май” хамтлагийн бас нэгэн гишүүн НАС БАРЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Оросын “Ласковый май” хамтлагийг хараал туссан гэж ярьдаг билээ. Учир нь тус хамтлагийн гишүүн болон хамтлагтай ямар нэгэн хэлбэрээр холбоотой байсан нийт 12 хүн нас барсан юм. Тэд автомашины осол, өвчин, аллага гээд янз бүрийн шалтгаанаар амиа алдсан байдаг.

Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сард “Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин Юрий Шатунов зүрхний шигдээсээр нас барсан билээ. Тэгвэл даваа гарагт тус хамтлагийн анхны алтан бүрэлдэхүүнд байсан Михаил Афанасьев нас баржээ.

“Ласковый май” хамтлагийн продюсер Андрей Разин “Нижный Новгород хотод Михаил Афанасьев таалал төгслөө. Тэр манай хамтлагт үнэнчээр ажиллаж, тоглолтуудад дагаж явдаг байсан. Тэр өвөрмөц хүн. Миша Афанасьев. Түүнийг “Ласковый май” хамтлагийнхан бүгдээрээ маш их хайрладаг байсан. Түүнийг үргэлж хүндэлж, ямар найдвартай хүн гэдгийг нь үргэлж мэддэг байлаа” гэж мэдэгдсэн байна.

Продюсер өөрийн болон хамтлагийнхаа өмнөөс Афанасьевын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд “Миша манай хамтлагийн зүрх сэтгэл байсан. Тэр “Ласковый май” хамтлагтай 2600 гаруй тоглолтод оролцсон. Тэр маш эмх журамтай, сайн хүн байлаа” хэмээн онцолжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top