"Анир" поп оркестр албан ёсны нээлтийн тоглолтоо хийлээ

2022 оны 10 сарын 03

 

20 гаруй жилийн түүхтэй "Анир" дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй Монголын анхны хувийн "Анир" поп оркестрын нээлтийн тоглолт энэ сарын 1-ний өдөр "Corporate Convention Centre"-т боллоо. 

Урлагийн ертөнцөд цоо шинэ салхийг салхилуулж, өөрсдийн гэсэн орон зай, өнгө төрхийг бий болгож чадсан тэд яруу тансаг хөгжмийн хэлээр ирсэн зочдын сэтгэл оюуны их цангааг тайлсан юм. 

 

 

Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тоглолтын салхийг хагалж Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээл "Салхи мэт" хэмээх бүтээл эгшиглэсэн. 

Тэртээ 30 жилийн өмнө "Морин хуурын чуулга" нээлтийн тоглолтоо мөн л Н.Жанцанноровын "Монгол аялгуу" хэмээх бүтээлээр эхлүүлж байсан түүхтэй. Энэ удаад ч мөн түүний бүтээл нээлтийн уран бүтээл болон эгшиглэж байгаа нь тун ч "билэгшээлтэй" зүйл хэмээн энэхүү эрхэм хүмүүн онцолж байв. 

 

 

Яс үндэс, шашин шүтлэг хамаарахгүйгээр ойлголцож болох цорын ганц хэл бол хөгжмийн хэл. Хөглөгдөн гарч буй нот бүхэн нь түүх өгүүлж, сэтгэлийн утсыг хөндөж буй нь үзэгчдийн уур амьсгалаас тодхон харагдаж байв. Эгшиг яруу хөгжмийн хэмнэлд автсан үзэгчид үе үе алга ташихаа мартан бодлогоширч, зарим үед алга ташихаа үл зогсоон догдолж байсан нь уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн биз ээ. 

 

 

Шилдэг хөгжимчдөөр хүчээ сэлбэсэн "Анир" поп оркестрын уран бүтээлчдийн урилгаар "Зэвсэгт хүчний жанжин штаб"-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Анхбаяр, МУСТА Д.Отгонжаргал, Монгол поп опера "Увертюра" хамтлаг, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо, дуучин Наки, "UB Drums" хамтлагууд оролцож хөг эгшиг нэмэв. 

 

 

"Анир" студийн захирал, "Анир" поп оркестрын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач Б.Алтанхуяг, удирдаач С.Сэргэлэн нар өөрсдийн гэсэн өнгө төрхтэй удирдаачид аж. Энэ нь тоглолтыг илүү сонирхолтой бөгөөд амтлаг болгож байлаа. 

 

 

Тоглолтын хамтран зохион байгуулагчаар "M Music" ажилласан. Тоглолтын тасалбар бүрт "M Music"-ийн нэг сарын эрх дагалдан ирсэн бөгөөд тоглолтыг бүрэн эхээр нь чанарын өндөр түвшинд, аудио хэлбэрээр уг аппликэйшнээс сонсох боломжтой юм. 

Мөн дэмжигч байгууллагаар "Хаан даатгал", "Хөх монгол принтинг", "Хүүхдийн Урлан бүтээх төв" ажиллажээ. 

 

 

Бүхий л төрөл жанраар бүтээл туурвих боломжтой энэхүү поп оркестрын хувьд цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Дутагдаж байсан орон зайг нөхөж, уран бүтээлчдийн бүтээлийг илүү амьд, олон улсын түвшинд хүрэхүйц болох үүд хаалгыг уг оркестр нээж байна гэхэд хилсдэхгүй. 

Үзэгчдийн халуун алга ташилтад өлгийдүүлэн гарч ирж буй "Анир поп" оркестрын нээлтийн тоглолтын гэрэл зургуудаас толилуулъя. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top