Эртний Маяагийн хотууд мөнгөн усаар бохирдсон байсныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 02

 

Австралийн Католик их сургуулийн эрдэмтэд эртний маяачуудын сууринууд мөнгөн усаар бохирдсон байсныг тогтоожээ. Буруутан нь маяачууд өөрсдөө.

“Frontiers in Environmental Science сэтгүүлд бичсэнээр, Австралийн эрдэмтэд АНУ, Их Британийн судлаачдын багтай хамтран эртний Маяагийн арван сууринд мөнгөн усны агууламжийг судалсан байна. Эдгээрээс долоод нь, тэр дундаа Тикаль хотод мөнгөн усны хэмжээ орчин цагийн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байжээ. Зарим сууринд мөнгөн усны агууламж судлаачдын эрүүл мэндэд аюул учруулахуйц маш өндөр байжээ. Тиймээс археологичдод малтлага явуулахдаа аюулгүй байдлын арга хэмжээ авч байхыг сануулсан байна.

Хорт металлыг хөрсний гүнд илрүүлсэн нь маяачууд олон зууны турш мөнгөн усыг ашиглаж байсныг илтгэж байна. Маяачууд улаан өнгөтэй шунх буюу мөнгөн усны сульфид хэрэглэдэг байсан байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. Маяачуудын хувьд энэ нь аливаа зан үйл хийхэд нь цусыг бэлгэддэг байсан байх талтай. Хачирхалтай нь мөнгөн усны сульфидын орд сууринуудын ойр орчимд байгаагүй аж. Тиймээс маяачууд шунхыг химийн аргаар гаргаж авах эсвэл бусад омгуудаас худалдан авч байсан гэх таамаг дэвшүүлсэн байна. Маяачуудын сүүлчийн удирдагчдын нэг болох Харанхуй Нар /Dark Sun/ гэх нэртэй хаан хэт таргалалттай байсан нь мөнгөн усаар хордсон байсан байж болзошгүй гэх таамаг төрүүлж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top