Эрдэмтэд нуурын ёроолд эртний маяачуудын хот илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Олон улсын эрдэмтдийн баг Гватемал улсын хамгийн том Атитлан нуурын ёроолд эртний маяачуудын хот илрүүлжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор хотыг МЭӨ V зуунд нуурын арал дээр босгожээ. Цаг хугацааны явцад  хот усан дор орсон байна. Үүнд тектоник идэвхжил нөлөөлсөн байж болзошгүй гэж судлаачид таамаглаж байна.

Атитлан нуур нь далайн түвшнээс 1.5 мянган м дээр байрлах галт уулын гаралтай тогоонд тогтжээ. Судлаачид 12-20 м гүнд зан үйлийн төв, орон сууц, хөшөө зэрэг байгууламжийн туурь илрүүлсэн байна. Эртний маяачуудын энэ суурин 60 мянган кв м талбайг эзэлж байсан гэж эрдэмтэд таамаглаж байна. Ирээдүйд Атитлан нуур орчим эртний хотын тоон загварыг харуулсан музей байгуулахаар төлөвлөж байна.

Судалгааны багт Аргентин, Бельги, Гватемал, Испани, Мексик болон Францын усан доор судалгаа явуулдаг археологичид ажиллажээ.

Маяачуудын соёл иргэншил МЭ 300-900 оны хооронд хөгжил, цэцэглэлтийнхээ оргилд хүрчээ. Европчууд Америкийг нээх үед эртний соёл иргэншил уналтад оржээ. Маяачуудын хот, суурингууд орчин цагийн Белиз, Гондурас, Гватемал, Мексик, Сальвадор улсын нутаг дэвсгэрт сүндэрлэж байжээ.

Эрдэмтэд лазер радарын тусламжтай Гватемалын хойд нутгийн ширэнгэн ойд 60 мянга орчим байгууламж илрүүлээд байна. Урьдчилсан үнэлгээгээр, эдгээр хотод 10 сая орчим хүн амьдарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top