Юрий Шатунов буюу хараал туссан Ласковый Май хамтлаг

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Энэ жил Оросын поп хөгжмийн нэгэн домог халин одсон нь “Ласковый Май” хамтлагийн  гоцлол дуучин Юрий Шатунов байлаа. Дөнгөж 48 нас хүрээд байсан Юрий зургаадугаар сарын 23-нд зуурдаар нас барсан. Анд нөхөдтэйгөө тоглолтын дараа ярилцан сууж байсан түүний бие гэнэт муудаж, зүрх нь зогссон билээ. Энэ үхэл “Ласковый май” хамтлаг хараал туссан гэсэн олны яриаг үнэн гэдгийг батлах мэт л явдал болсон.

Шатуновоос өмнө тус хамтлагтай ямар нэг хэлбэрээр холбоотой байсан арван хүн машины осол, өвчин, аллага гээд янз бүрийн шалтгаанаар амиа алдсан юм. Оросын алдартай үзмэрч Жуна хамтлагийн гишүүдийг цаг бусаар үрэгдэнэ гэж зөгнөн, хараал хүрчээ гэж ярьж байсан гэдэг. Асрах газрын хөвгүүдээс бүрдсэн “Ласковый май” хамтлаг 1986-1992 он хүртэл Оросын эстрад ертөнцийг эзэгнэж байлаа. Алдарт Алла Пугачеватай эн зэрэгцэн, хаана ч очсон стадион үзэгчдээр пиг дүүрдэг байв. Ингээд тус хамтлагийн гишүүдийн эмгэнэлт хувь заяаг танилцуулъя.

Михаил Сухомлинов, 19 нас

1993 оны намар даралтат хөгжимчин Михаил Сухомлинов Шатуновын гэрийн ойролцоо алагдсан юм. Михаил тэр үед хамтлагаасаа гарч, бизнес эрхэлдэг болсон байсан ч андуудтайгаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг хэвээр байв. Тэр өдөр Сухомлинов Шатуновын гэрт хоносон байна.

“Өглөө. Би сэрээд чихэвч зүүн, хөгжим сонсож байлаа. Мишка өглөөний цайгаа уугаад харихаар явлаа. Гэнэт буун дуу. Цонхоор хартал машин давхиад явлаа. Дугаар, өнгийг нь ч санахгүй байна. Гүйгээд гартал Мишка цусанд хутгалдсан хэвтэж байсан. Хоолойд нь хоёр удаа буудсан байсан” гэж Шатунов “Россия 1” телевизэд ярилцлага өгөхдөө дурсаж байв. Дөнгөж 19 настай байсан Михаил түүний гар дээр амьсгал хураасан юм. Алуурчныг одоо болтол олоогүй гэдэг ч хамтлагийн продюсер Андрей Разин гэмт хэрэгтнийг Галзуугийн эмнэлэгт хэвтүүлсэн гэж баталдаг.

Игорь Игошин, 19 нас

Басс гитарчин Игорь Игошин Оренбургийн асрах газраас иржээ. Тэрээр хамтлагт удалгүй, өөр хамтлагт ороод цэрэгт явсан байна. Халагдаад ирэхэд нь болзоот бүсгүй нь өөр хүнтэй гэрлэж байлаа. 1992 оны хоёрдугаар сарын 29-нд тэр хуримын ёслолд нь очиж, сүйт залуугийн найз нартай зодолдсон. Салгаж гэрт нь хүргэсэн ч нэг цагийн дараа цонхоороо унасан байна. Сэхээн амьдруулах тасагт шуурхай хүргэсэн боловч амийг нь аварч чадсангүй. Цагдаагийн газраас түүнийг санамсаргүй унасан гэсэн албан ёсны дүгнэлт гаргасан ч найзууд нь хэн нэг нь түлхсэн гэж одоо болтол сэжиглэдэг.

Юрий Барабаш, 22 нас

Продюсер Разин түүнийг Ставрополь хотын асрах газраас олжээ. Гитар тоглодог, Шатуновтой тун адилхан хоолойтой байв. Тэр хамтлагт хэдэн сар болж, ээж нь хамтлагийн санхүүчээр ажиллаж байлаа. Юрий ганцаараа дуулахаар шийдэж, хамтлагаасаа гарсан. 1996 оны наймдугаар сарын 28-нд хэдэн найзуудтайгаа уулзлаа. Тэднээс тэр ганцаараа уугаагүй, эрүүл нь байсан гэдэг. Шар айраг нэмж авахаар найзуудаа шинэ машиндаа суулгаад давхисан тэр үнэмлэх авч, жолоо бариад ердөө хэдхэн өдөр болсон байв. Севастополийн өргөн чөлөөнд осолд орж, найзууд нь зүгээр, ганц Барабаш амиа алдсан билээ.

Арвид Юргайтис, 35 нас

Даралтат хөгжимчин Арвид Юргайтис “Ласковый май” хамтлагт 1988-1992 онд тоглосон. Хамтлаг тарсны дараа тэр найзуудаасаа холбоогоо тасалжээ. Архи уудаг байсан тул бие муу. Тэр 2004 оны зургаадугаар сарын 1-нд зуслан дээрээ түймэрт үрэгдсэн. Тамхиа унтраахаа мартаад зүүрмэглэж байтал түймэр гарч, Юргайтис “Горизонт” телевизээ аваад гарах гэтэл телевиз гар дээр нь дэлбэрсэн байна. Гэмтээд гэрээсээ гарч чадалгүй, угаартсан гэсэн шүүх эмнэлгийн онош гарчээ.

Вячеслав Пономарев, 37 нас

Басс гитарчин Вячеслав Пономарев хамтлагийн хамгийн ахмад нь байлаа. Хамтлагаа орхиод өөр газруудад тоглох гэж оролдсон ч амжилтад хүрсэнгүй. Архинд орж, 2007 онд сүрьеэ өвчнөөр нас баржээ.

Алексей Бурда, 38 нас

Хамтлагийн даралтат хөгжимчин, продюсер Бурдагийн цогцсыг 2012 оны зургаадугаар сарын 2-ны өглөө Москвагийн зүүн хойд хэсэгт байх Перловский оршуулгын газраас олсон юм. Уг нь тэр МУЗ-ТВ-ийн шагнал гардуулах ёслолд очих ёстой байсан ч яагаад хотын нөгөө талд очсоныг хэн ч мэдэхгүй. Үхлийн шалтгаан нь архины хордлого.

Юрий Гуров, 41 нас

“Ласковый май” хамтлагийн анхны гоцлол дуучдын нэг Юрий Гуров хамтлаг тарсны дараа төрсөн нутаг Ставропольдоо харьж, үр тарианы бизнес эрхэлж байлаа. 2012 оны наймдугаар сарын 25-нд найзынхаа машинд сууж яваад ачааны Камаз машинтай мөргөлдөж, газар дээрээ амьсгал хураасан байна.

Игорь Анисимов, 40 нас

Даралтат хөгжимчин Игорь Анисимов 2013 оны хоёрдугаар сарын 20-нд нэгэн айлд согтуу зодооны улмаас алагдсан. Хамт архи ууж суусан этгээд түүнийг амин газар нь олон удаа хутгалсан байлаа.

Рашид Дайрабаев, 45 нас

Тоглолт зохион байгуулагч захирал Рашид Дайрабаев 2013 оны хоёрдугаар сарын 28-нд цус харваж, нас барсан. Хамтлагийнхаа нөхөд болох Гуров, Анисимов хоёрыг амиа алдсан явдалд маш их харамсаж байсан гэдэг.

Александр Прико, 46 нас

2020 оны долоодугаар сард гоцлол дуучин асан Александр Прико коронавирусээр эмнэлэгт хэвтэж, уушгины үрэвсэл гэж оношлуулан, хоёр сар эмчлүүлсэн. Гэтэл шинжилгээгээр хорт хавдар илэрлээ. Түүний эхнэр “Саша арьс нөмөрсөн араг яс шиг л болсон. Байн байн уушгины шингэнийг соруулна. Таван литр кислородын аппарат аваад би гэрт нь гаргасан. Хоол өгөх гэж оролдож байна. Юу ч идэхгүй юм” гэж наймдугаар сарын 21-нд ярьж байсан бөгөөд есдүгээр сарын 2-нд Прико нас барсан юм.

Владимир Бойко, 60

Хөгжмийн зохиолч Бойко тархинд нь цус харвасны дараа 2020 онд энэ ертөнцийг орхисон. Тэрээр хамтлагийнхаа 25 дууг зохиосон хүн байлаа.

Евгений Закулаев, 49 нас

Асрах газрын авьяаслаг хүүхдүүдийг дэмжих “Ласковый май” төвийн дэд захирал Евгений Закулаев 2013 онд өвчний улмаас хайрт гэргий, хоёр хүү, хоёр охиноо орхиод ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Алексей Мускатин, 59 нас

2021 онд хамтлагийн продюсер асан Алексей Мускатин чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны дараа нас баржээ.

Юлия Началова, 38 нас

Юлия тус хамтлагийн гишүүн биш. Нэг удаа “Один в один!” шоунд Юлий Шатуновыг дуурайн, алдарт “Белые розы” дууг нь дуулж байжээ. 2019 оны гуравдугаар сарын 16-нд тулай өвчний улмаас нас барсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..Ev khamt.(66.181.161.67) 2022 оны 10 сарын 02

..Aliivaa duu yamar negen muu yoriig dallaj duuddag..! Ene khamtkagiin khuvid Yamarch khamgaalaltgui baisan bololtoii.

1  |  1
зочин(66.181.161.28) 2022 оны 10 сарын 02

Aрхичин оросуудын үхэл Mонголчуудад ямар хамаатай..

3  |  20
Top