Б.Сувд: Залуус ном уншиж, мэдлэгийг шүтдэг болсон нь бидний ажлын үр дүн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

"Номын соёлт ертөнц" ТББ-ын гүйцэтгэх захирал, Үндэсний номын баярын санаачлагч, "Номын ертөнц" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Сувдтай ярилцлаа.


-Ном, утга  соёлын өдрийг миний ойлгосноор бол нэлээд явдал чирэгдэл болж байж тэмдэглэдэг болсон. Тэмдэглэдэг болчихсон чинь албан болоод албан бус олон эзэн гарч ирж хоорондоо толхилцоод эхэлсэн, мөн үү. Маргаан энэ жил ч дахин давтагдаж байх шиг. Гол асуудал юунд байна вэ?

-“Номын соёлт ертөнц” ТББ-ын ажил 2005 оноос эхэлсэн юм. Тэр намар буюу есдүгээр сард бид “Номын ертөнц” нэвтрүүлгийг номд дуртай залуусын хамт эхлүүлсэн. Одоо тэдгээр залуусын хамгийн ахмад нь 40 гаруй настай, хамгийн залуу нь тавдугаар ангийн хүүхэд байна. Нэвтрүүлэг маань өнөөг хүртэл үргэлжилж, нийт 700 дугаарыг үзэгчдэд хүргэлээ. Тэр хооронд бид ном соёлын үйл ажиллагааг түлхүү хийвэл номын соёлыг илүүтэй түгээн дэлгэрүүлэх юм байна. Бидний зорилго ч өргөн хүрээг хамарна гэж үзэж, 2007 онд номын баярыг санаачилсан. Тэр жилээ учир дутагдалтай болсон ч эхний алхмыг хийсэн. Харин 2008 оноос амжилттай зохион байгуулж ирсэн. Ингээд явж байтал номын баяртай холбоотой тодорхой бэрхшээлүүд гарч ирсэн тул 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж “Номын баярын өдрийг тунхаглаж өгөөч” гэсэн хүсэлт явуулсан юм. Тэр дагуу 2012 оны наймдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 155 дугаар зарлиг гарч, Үндэсний номын баярын өдрийг улс орон даяар номын баярыг тэмдэглэж байх тухай тусгаж өгсөн. Гэтэл тодорхой хугацаа өнгөрсний дараа зарлигийн шинж чанар буурч эхэлсэн. Зарлиг учраас номын баярыг заавал тэмдэглэх шаардлагагүй. Талбайн зөвшөөрөл өгөх, эсэх талаар асуудал хөндөгдөх болсон. Уг нь төв талбайд номын баяр тэмдэглээд заншчихвал ном соёлынхоо ач холбогдлыг  олон хүнд хүргэх боломжтой. Гаднын улс орнуудын туршлагууд ч байдаг.

Тухайлбал, ОХУ-д Улаан талбайн номын баяр, АНУ-д тэмдэглэдэг номын баяр, Энэтхэгийн номын баяр гэх мэтчилэн гаднын соёлоос авахыг нь авч, өөрсдийн онцлогийг тусган  хөгжүүлж, таслалгүй хийх юмсан гэсэн хүсэл бидэнд байсан. Иймээс номын баярыг уламжлал болгон зохион байгуулах тодорхой бодлогын ажлууд руу орж байна. Тэр нь юу вэ гэвэл, зарлиг хүчин төгөлдөр биш болж, бидний товлосон номын баярын өдрүүдийг цуцлаад байдаг боллоо. Иймд номын баярын өдрүүдийг хуульчилж авах ёстой юм байна. Ямар нэгэн тэмдэглэлт өдрийг хуулиар баталгаажуулдаг учраас хуульчлах хэрэгтэй гээд 2019 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн А.Ундраад хандсан. Энэ өдрүүдийг хуульчилж өгөөч, ард нийтээрээ энэ өдрүүдэд номын баяр тэмдэглэж заншсан учраас хаврын номын баяр, намрын номын баярын тогтсон өдрүүдийг хамгаалж, баталгаажуулж өгөөч гэж хүссэн. Энэ дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцсэн боловч дэмжигдээгүй. Удалгүй тухайн парламент тарж, ээлжит сонгууль болсон. Үүний дараа  бид дахин асуудал тавьсан. Тэр үеийн ажлын албанд орж байсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, дараагийн парламентад орохдоо өөрөө санаачлагч болж, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нарын гишүүдийг нэмж оруулан хуулийн төслийг дахин өргөн барьсан. Ингээд УИХ-ын дарга өөрийн нөлөөгөөр дэмжиж, хамгаалалтын дэмжлэг үзүүлсэн. УИХ-ын даргын дэмжлэг бол мөнгө, санхүүгийн бус зөвхөн хамгаалалтын дэмжлэг юм. Хуулийг батлахад ч мөн танхимын гишүүдээ уриалж дэмжиж өгсөн. Энэ утгаараа 2021 оны долдугаар сард хууль батлагдаж, үндэсний бичиг соёл, номын өдөртэй болсон. Хууль батлагдсан юм чинь бид тогтсон өдөр номын баяраа тэмдэглэнэ, гадаад, дотоодоос зочин урина, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр олон төрөлт ажил хийнэ гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байтал төрийн байгууллагуудын зүгээс “Бид оролцох ёстой. Төр хийх ёстой ажил” гэсэн маргаан гарч эхэлсэн.

-Номын баярын ажлыг “чөдөрлөсөн” маргаан эндээс гарч гэж ойлголоо. Төр заавал оролцох шаардлагагүй. Тэд орж ирэхээрээ  хүнд сурталтай нүсэр болгодог гэдгээ ухаарахгүй байна гэж үү?

-Яагаад гэвэл, хуультай болсон учраас төр оролцох ёстой гэсэн. Төрийн байгууллага заавал өөрөө хийх бус төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлдэг ажлууд байдаг шүү дээ. Тиймээс зохицож ажиллах ёстой гэсэн. Үүн дээр санал нэгдэхгүй явсаар асуудал хүндэрч ирсэн. Өнөөдөр маргаан, үл ойлголцол нийгэм даяар хэлэлцэгдэж, сошиалд бичигдэж байна.

Тэрийг дэлгэхээс илүүтэй дотооддоо хуралдаж, ярилцъя гээд ном хэвлэн нийтлэгчидтэйгээ хэд хэдэн удаа цуглаж хурал хийсэн /хурлын протоколуудыг харуулав/. Өнөөдөр Үндэсний номын баярын зөвлөл есөн гишүүнтэй, бүгдэд нь болж байгаа үйл явцыг танилцуулж, номын баярыг илүү сайн зохион байгуулах талаар ярьж байна. Тэндээс гаргасан зөвлөмжийн дагуу ажиллаад явж байтал дахиад зөрчил гараад ирсэн. Ойлголцохгүй зүйлүүд байгаад байна.

Дөнгөж сая гэхэд л бид УИХ-ын Тамгын газар дээр уулзалт хийгээд гарч ирлээ. Хоёр талаасаа ойлголцохгүй байгаа асуудал дээр нэг байр суурьт хүрч, төртэй гэрээ хийе. Төр заавал оролцох ёстой гэж байгаа бол ямар хэмжээнд оролцож, ТББ нь уламжлалаа яаж хадгалж үлдэх вэ гэдэг дээр гэрээ хийж хамтран ажиллая. Тэгэхгүй бол ном бичдэг, бичиг соёлын хүмүүсийг хооронд нь талцуулж хагалаад байна. Иймд нэг байр суурьт хүрч хамтарч ажиллая гэсэн гэрээг өнөөдөр /өчигдөр/ хийлээ. Тэгэхээр 32 дахь удаагийн номын баярт маань төрийн оролцоо байх нь тодорхой боллоо. Ингэхдээ хэн нь ямар хэмжээнд яаж оролцохоо бид гэрээгээрээ тогтох нь гэж ойлгож болно.

-Номын баяраар ямар ажлууд зохион байгуулах юм бэ?

-Номын баярын зохион байгуулалтын ажлууд олон сарын өмнөөс төлөвлөгдөж явдаг. Гэтэл төрийн байгууллагууд бид энэ дээр ингэж ажиллана гээд шууд ороод ирдэг. Манай Үндэсний номын баярын зөвлөлийнхөн болох үйл ажиллагааныхаа дэс дарааллыг гаргаж, төлөвлөгөөг баталж гарын үсгээ зурж баталгаажуулаад явдаг. Бидний төлөвлөсөн ажил, олон сарын өмнөөс хийж ирсэн ажлыг долоо хоногийн өмнө орж ирж бусниулаад байгаа учир бид эсэргүүцлээ илэрхийлсэн.

Төр үнэхээр оролцох гэж байгаа бол зүй зохистой хэмжээгээр буюу юуг нь хийж, яаж оролцохоо тохирох ёстой. Тэгэхгүйгээр гэнэт орж ирж, бидний хийгээд ирсэн, төлөвлөсөн ажлыг нурааж болохгүй. Энэ баярт гаднаас ирэх зочид бий. Тэр зочид маань ч гэсэн ажлын төлөвлөгөөнд орж явах ёстой байтал төрийн зүгээс дөхүүлж байгаад ямар ч төлөвлөлтгүй орж ирж бусниулснаас болж олон ажил нурахад хүрдэг. Өнгөрсөн хугацаанд бид тэр алдаа дутагдлыг амаа жимийгээд өнгөрүүлсэн. Энэ удаа ч гэсэн дахиад долоо хоногийн өмнө орж ирж бужигнуулж байгаа учир нэг байр суурьт хүрэх ёстой гэсэн асуудлыг тавьсан. Үндэсний номын баярын зөвлөл, ажлын албаныхан, мэдээж оролцогчдын төлөөлөл орж Соёлын яам, УИХ-ын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн соёл урлагийн газар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, ямартай ч гэрээ хийх түвшинд байр сууриа илэрхийлээд гарч ирсэн.

-Гэрээний заалтууд, тухайлбал гол заалтад юуг анхаарч тусгах бол?

-Мэдээж энэ баярын гол оролцогчид болон ном, соёлыг бүтээгч 180 мянган хүний эрх ашиг энд бий. Тиймээс номын баярт оролцогчид болон зохиолч, уран бүтээлчид, Үндэсний номын баярын зөвлөлийн гишүүдээс тодорхой саналуудыг нь авч гэрээнд тусгах ажлыг хийнэ. Уг нь өнөөдөр ийм зүйл яриад сууж байх биш номын баярын хөтөлбөр, энэ жилийн онцлог, баяраар ямар сурталчилгаа хийх талаар ярих байлаа. Гэтэл өнөөдөр л гэхэд Төв талбайн зураг өөрчлөгдөж байна. Энэ бол бүх оролцогчдын төлөвлөсөн тайз, бүтэц өөрчлөгдөхөөс  гадна маш олон хүний санхүү зардлыг  хайрлахгүй байгаа учраас бухимдуулж байна. Тиймээс бид байр сууриа илэрхийлэхээс аргагүй байдал хүрлээ. Цаашид гэрээг сайн хийх, илүү  сайжруулахад анхаарна. Дээр нь номын баярт оролцогчид, ном соёлыг бүтээгчид, ном унших дуртай хүүхэд залууст хандсан олон ажлууд санаачилж хийнэ.

-Сүүлийн жилүүдэд хүмүүс  ном идэвхитэй уншдаг болсон. Энэ талаар судалгаа байна уу?

-Бид МУИС-ийн Социалогийн танхимтай хамтарч судалгаа хийсэн. Тэр судалгаагаар номын баярт ирж байгаа 180 мянган иргэн буюу Улаанбаатар хотын иргэдийн 12 хувийн дийлэнх олонх нь залуучууд байна. Үүнээс 15-35 насны залуус 75.4 хувь байна. Тэгэхээр энэ бол залуучуудын ивент юм байна. Залуучууд ном уншиж, мэдлэгт шүтдэг болсон юм байна.

Ийм байхад бид Үндэсний номын баяраараа төрийн данхайсан бүтцийг үзүүлэхээс илүү олон нийтиийн баяр байх талаас ажиллах нь зөв юм гэсэн зөвлөмжийг социалогчид маань бидэнд гаргаж өгсөн. Энэ бодлогыг ч гэсэн манай Үндэсний номын баярын зөвлөлийн есөн гишүүн баримталдаг. Бид 16 жил болоход номын баярыг өөрийнх нь жамаар хөгжүүлж ирсэн. Хөгжил нь одоо ч харагдаж байгаа учраас энэ байр сууриа хамгаалъя. Номын баярын хөрс, хөгжлийг илүү  эрүүл байлгахыг хүсэж байна. Нэгэнт хууль гарсан учир бүгд хэм хэмжээгээ тодорхой болгоод ажиллая гэж ярилцаж байна.

-Төлөвлөж байсан ажлынхаа заримаас ярьж болох уу. Эсвэл төлөвлөгөө нурсан учраас ярихад бэрхшээлтэй байна уу?

-Одоо тэгэхээр нэлээн олон ажлыг бид хийж чадахгүйд хүрнэ. Түрүүн хэлсэн,  Төв талбайн зураг  өнөөдөр /өчигдөр/ өөрчлөгдсөн. Тэгэхээр төлөвлөсөн ажлууд нурсан. Номын баяр дээр нийт 32 үйл явдлыг онцолно гэж байсан бол түүндээ хүрч чадахгүй боллоо. Сүүлийн хэд хоног төрийн байгууллагуудтай холбоотой уулзалтууд хийлээ. Тодорхойгүй зүйлүүд олон гарч ирсэн тул  тэр болгоныг тулсан хугацаанд төлөвлөх хэцүү болж байна. Өмнө уламжлал болгож хийж ирсэн ажлууд бол явна. Гэхдээ бидний бодсон шиг, хүлээсэн шиг номын баяр болохгүй байж магадгүй. Тиймээс танай сониноор дамжуулаад 180 мянган уншигчдаа “Биднийг ойлгоорой. Дараагийн удаад бид илүү сайн зохион байгуулалтыг хийж ажиллах болно” гэж хэлье. 31 дэх удаагийн номын баяр ч гэсэн маш олон хүний уур бухимдлыг төрүүлсэн. Түүнд ч гэсэн хүлцэл өчье. Яг өмнөх шөнө нь бид талбайн зургийг гаргаж байсан юм шүү. Тэр нь төрийн байгууллагууд гэнэт оролцоно гэсэн шаардлага тавьснаас болсон. Будлиан гарч байгаа үйл явцыг та бүхэн ойлгоорой. Биднийг “Та нар төлөвлөлтгүй байна” гэж загнадаг хүмүүст ямар учраас төлөвлөлтөө алдсан бэ гэдгээ үүгээр дамжуулан хэлье. Миний ярилцлагаас уншаад  ойлгоно байх.

-Жил бүр шинэ содон бүтээлүүдийг нэрлэдэг. Тэр юу болов?

-Уучлаарай, уг нь бид тэдгээрийг нэгтгээд сууж байсан юм. Гэтэл ийм маргаан, асуудал гарчихлаа. Тиймээс танд мэдээлэл өгөх боломжгүй байна.

Энэ номын баярын 32 онцлох номыг бол гаргасан байгаа. Тэрийг номын баяр дээр танилцуулна. Эмэгтэйчүүдэд урам зориг өгөх номын жагсаалтыг гаргасан. Номын баярт оролцогчдын 63.9 хувь нь эмэгтэйчүүд, 31.1 хувь нь эрчүүд байдаг.

Тэгэхээр эмэгтэйчүүд ном их уншдаг нь харагдаж байгаа юм. Тиймээс тэдэнд санал болгохоор номын жагсаалт гаргасан. 7-34 нас хүртэлх 180 мянган хүн номын баярт ирдэг гэхээр тэр олон хүмүүст хандсан, мөн залууст зориулсан сонирхолтой эвентүүд байх ёстой. Гэвч тулсан цаг үед зарим ажил цуцлагдах байх. Сүүлийн долоо хоногт төр, захиргааны байгууллагуудтай маргаантай, хур уулзалт их байснаас бид босгох ёстой санхүүжилтээ босгож чадаагүй. Ялангуяа “Номын ертөнц” сэтгүүл 5000 хувь хэвлэгдэж, уншигчдад үнэгүй тараагддаг. Энэ сэтгүүлд бүх мэдээлэл багтсан.

Орчин үеийн хүүхэд залуус, ялангуяа өсвөр насныхан юу уншиж байна гээд олон мэдээ, мэдээллүүдийг оруулсан. Мөн Хотын дарга дэмжсэн учраас  ном уншдаг хүүхэд, залуусыг улам олон болгох ажлыг “Номын ертөнц” клубын сурагчидтайгаа хамтран хийж байна. Номын баяр залуужсан нэг шалтгаан нь манай клуб байгуулагдсантай холбоотой. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын нөлөөгөөр ном унших дуртай хүүхэд залуус олон болсон. Тэдний нөлөөгөөр хүүхдүүд номын баярт өргөнөөр оролцдог боллоо.

-Ингэхэд, төрийн байгууллагуудын зүгээс 1940-1950 оноос номын баярыг хийж ирсэн гэж ярьдаг. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Тэр төрийн байгууллагуудын хувьд уншигч-зохиолчдын уулзалтыг их ярьдаг. Тэр бол номын баяр биш, уншигч-зохиолчдын уулзалт. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуай энэ талаар ярьж байсан, өөрөө “Ном, соёлын хишиг өдөр”-ийг санаачлан “Выставка”-д явуулж байсан. Тэр нь 1-2 удаа зохион байгуулагдаад тасарсан. Цөөхөн хүрээг хамарч байснаас  биш олон хүнийг хамарсан номын баярын форматаар зохион байгуулж байгаагүй. Бидний гаргаж ирсэн формат олон нийтэд чиглэсэн гэдгээрээ өөр. Уншигч-зохиолчдын уулзалтыг бол бүх номын сан хийдэг шүү дээ. Тухайн үед бид номд дуртай оюутнууд байлаа. Хүн дуртай зүйлдээ амжилт гаргадаг юм байна. Тиймээс “Номын ертөнц” нэвтрүүлгийнхэн, үзэхийг хүсдэг бүх хүнд 700 дахь дугаарын баярын мэнд,  “Номын ертөнц” клубын хамт олондоо таван жилийн ойн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхний хүчээр, Б.Сувд энэ нэвтрүүлгийг хийж байгаа юм шүү гэдгийг хүмүүс мэддэг болж, номын баяр маань өргөжин тэлж энэ хүрсэн юм шүү. Үзэгчиддээ, уншигчдадаа, номын баярын бүх оролцогчдод баярын мэнд хүргэе.

-Ном соёлд монголчуудаа уриалаач гэвэл юуг онцолж хэлэх бол?

-Бид барилга байшин бариад, уул уурхайгаа ухаад хөгжчихгүй. Хөгжил хаана явдаг вэ гэвэл, оюуны соёлыг хөгжүүлж байж хөгжил ирнэ. Оюун санаагаа өөрчилж байж хөгжинө. Бид олон зүйлээр талцаж хуваагддаг. Магадгүй аймаг, орон нутгаараа талцдаг. Биднийг нэгтгэх ганцхан зүйл бий, тэр бол ном. Тиймээс номоороо нэгдэж, оюун санаагаа хөгжүүлье. Энэ бол хөгжил рүү хөтлөх түлхүүр юм шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(150.129.142.4) 2022 оны 09 сарын 16

Биднии үёд уран гадаадын уран зохиолын хичээл ордог байлаа .олон ч монголын шүлэг найраглалыг цээжээр уншдаг.уншсан номондоо дүгнэлт хииж дүнгээ гаргуулдаг учраас сайхан бдаг байлаа. одоо эргээд уншихад мартаагүй л явдаг. өөрт сонирхолтой номын төрлөө зөв сонгож чадвал номыг дурлаж уншдаг юм шүү .

0  |  0
Иргэн(66.181.191.178) 2022 оны 09 сарын 16

Монголчууд арван жилийн сургуулиудад мөн их сургуулиудад сурч байхдаа шалгалтуудын асуултуудыг урьдчилаад авчихдаг тул өнөөгийн боловсон хүчин хэтэрхий мангуу юм.

0  |  0
Уншигч(139.5.216.232) 2022 оны 09 сарын 17

Яг залуусыг бодож зүүдэлж ном бичсэн үү, эсхүл борлуулалтаа бодож ном бичсэн үү, эргэлзээтэй л зүйл.

1  |  0
Top