А.Гутерреш: Монголын бүтээлч гадаад бодлого ГҮҮР БОЛЖ БАЙНА

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10


Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элсэн орж байв. Түүнээс хойш тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад дөрвөн удаа айлчилснаас хамгийн сүүлд 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчлал хийсэн түүхтэй.

Тэгвэл 13 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монголд хийж буй айлчлал дэлхий нийтийн  анхаарлын төвд байгаа бол түүний хэлсэн үг ч мөн адил хүн төрөлхтөнд хандсан мессэж болж байгаа гэдэг нь маргаангүй.

Тэрбээр ирэнгүүтээ “Дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв. Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Түүнчлэн Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.

 

“МОНГОЛЫН  БҮТЭЭЛЧ ГАДААД БОДЛОГО НЬ УЛС ОРНУУДЫН ХООРОНД ГҮҮР БОЛЖ БАЙНА”
 


Хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийнхээ эхэнд ноён А.Гутерреш “Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй юм. Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг гаргасан нь үүний тод жишээ юм” хэмээн тэмдэглэсэн.

Монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар  “Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь худалдаа, тээвэр, холболтын олон бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр сорилт нь Ковид-19 цар тахал, Украин дахь дайн, улам бүр нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хүндэрч байна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ.

Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд “Тэрбум мод” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад Монгол Улсын  жишээг бид сайшааж байна.

Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн боломжуудыг бий болгож чадна гэж би үзэж байна. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой юм. Далайд гарцгүй хэдий ч Монгол  Улсын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна” гэдгийг онцоллоо. Мөн "НҮБ-ын үйл ажиллагаанд  хувь нэмэр оруулж ирсэнд Монгол Улсад талархал илэрхийлэхийн сацуу энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлуудын хүрээнд танай улсад бидний үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно гэдгийг илэрхийлж байна" гэв.

 

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ХУВЬ НЭМРИЙГ ОНЦЛОВ
 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарьж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Батцэцэг нартай  уулзсан. Ерөнхийлөгчийн зүгээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлаж, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Энэ удаагийн айлчлал цөмийн зэвсэггүй бүс нутагт хийж буй айлчлал гэдгээрээ чухал ач холбогдолтой.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд манлайлан оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж ирсэн энхтайвныг эрхэмлэгч улс. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хүний хөгжил, ногоон хүртээмжтэй,тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрхзүйт ёс, хүний эрх гэсэн таван тэргүүлэх чиглэлээр НҮБ-тай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилснаар төвийг сахих байр суурьтаа хатуу зогсч ирсэн, энхийг сахиулагч, амар, амгалан, ардчилал, энхтайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын байр суурийг дэлхий дахинаа сурталчилж байна. Нөгөөтэйгүүр, түүний айлчлалаас манай улс  Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын  ирээдүйд нааштай хариу  хүлээж байсан юм.  Учир нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар орж  байж гол шийдвэр гарах юм.

 

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД НҮБ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тантай Бээжин-2022 Өвлийн олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдав.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн олимпын үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав. Түүнчлэн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top