САРМАГЧНЫ ЦЭЦЭГ I Оросын хил дээр хяналт зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Орост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрч, өвчтөнийг тусгаарласан билээ.

Өвчтөнийг цагаа олж тусгаарласнаар халдварын гинжин хэлхээ үүсэхээс сэргийлж чадсан гэж Роспотребнадзор байгууллагаас мэдээлсэн юм.

ОХУ-д сармагчны цэцэг өвчнийг хатуу хяналтад авч, халдварыг таслан зогсоох, өвчин хилийн чинадаас зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэлийг багасгахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа аж.

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл гарах үед Оросын хил дээр тусдаа ариун цэврийн болон хорио цээрийн хяналтыг зохион байгуулсан байна.

Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн залууд Европоос ирэхэд нь уг өвчний шинж тэмдэг болох улайлттай тууралт илэрсэн байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сармагчны цэцэг өвчний тохиолдлыг эрт илрүүлсэн явдлыг сайшаажээ.

Хойд хөршид одоо нөхцөл байдлыг хяналтад байлгаж байгаа бөгөөд Орос даяар сармагчны цэцэг өвчний шинжилгээг цаг алдалгүй хийх боломжоор хангасан байна. Энэ өвчний сэжигтэй хүмүүсийг илрүүлэх журмын талаар эмнэлгийн байгууллагуудад арга зүйн цогц зөвлөмжийг хүргүүлсэн талаар Роспотребнадзор байгууллага мэдээлжээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top