ШУУД: Толбо нуурын хөвөөнөө Урианхай сурын 200 гаруй харваач цэц сорьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

УРИАНХАЙ, ТУВА ТҮМНИЙ "Соёлын өвийн өдрүүд"-ийг Баян-Өлгий аймгийн Толбо сум, Толбо нуурын хөвөөнөөс өргөн нэвтрүүлгийн "ТВ8" телевиз шууд дамжуулан хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА, УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ нарын санаачилга, Соёлын яамны дэмжлэгтэйгээр энэ удаагийн Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин сан хөмрөгтэй Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийг зохион байгуулж байгаа юм.

Яг одоо Толбо нуурын хөвөөнөө Урианхай сурын харвааны харваачид цэц мэргэнээ сорьж байна. Жил бүрийн Үндэсний баяр наадмыг эхлүүлэн, сурын өргөн талбайнаа сумаа тавьдаг Урианхай сурын харваагаар өнөө жилийн Урианхай, Тува түмний "Соёлын өвийн өдрүүд" нээлтээ хийсэн юм. 

Тэмцээний талаар Ерөнхий шүүгч н.Энхсайхан "Өнөөдрийн харваанд Ховд, Баян-Өлгий, Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Орхон аймгуудаас 220 орчим харваач ирж, цэцээ сорьж байна. Урианхай харвааг зөвхөн эрчүүд харвах бөгөөд 40 метрийн зайд харвадаг. Нэг хүн 30 сум харвана. 30 сумны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан харваач тэргүүн байр эзлэх ёстой. Өнөөдөр цуваа харваа явагдаж байна. Үүнээс 30 харваач үлдэж, маргааш даваачлах харваагаар цэц мэргэнээ сорино" гэж ярилаа. 

Урианхай сурын цэц мэргэдийн тэргүүн байр маргааш албан ёсоор тодрох ажээ. 

УРИАНХАЙ, ТУВА ТҮМНИЙ СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top