"Зүүн хүрээ" хотхоны цонх хагарсан нь ЦУУРАЛТТАЙ ХОЛБООГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 20

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Зүүн хүрээ” хотхоны барилгад цууралт үүссэн эсэх талаар тодрууллаа. 

Уг барилгыг “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн захиалгаар “Инкон” компани угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна. Өнөөдрийн байдлаар энэ орон сууцанд 390 гаруй айл өрх амьдарч байгаа аж. 

Барилга 2014 онд ашиглалтад орсон боловч ашиглалтад орсноос дөрвөн жилийн дараа буюу 2018 оноос эхлэн цууралт өгч эхэлжээ. Улмаар дээрх цууралт даамжирсаар энэ жил айлуудын цонх хагарсан гэх. 

Барилгын цууралтын тухайд Сууц өмчлөгчдийн холбооны дарга С.Жархын “Манайх нийт таван блок барилга. Цулаар нь хийгээгүй бүгд тус тусдаа блок барилга юм. Энэ харагдаж байгаа цууралт бол хоёр блокийн зааг. Блок хооронд 20 см-ийн зайтай баригдсаныг хөөс, шавраар бөглөсөн байсан нь хагарсан” гэлээ.

Уг барилгын цууралт эхэлсэн 2018 онд Мэргэжлийн хяналтын газраас барилгад шалгалт оруулж, “Барилга нурах эрсдэлгүй” гэдэг дүгнэлт гаргаж байжээ.

Тодруулбал, блок хоорондын температурын заагийн фассад нь температурын өөрчлөлтөөс үүдэж хагарсан бөгөөд үндсэн барилга нурах эрсдэл байхгүй. Тиймээс дээрх фассадны хагарлыг гүйцэтгэгч компанийг засах шаардлага хүргүүлж байсан байна.

Харин орон сууцны цонх хагарсан тухайд “Айлууд засвар хийж байхдаа цонхоо унагасан. Барилгын цууралтаас болоогүй” гэдэг тайлбарыг СӨХ-ийн дарга өгсөн юм.

Энэхүү үйл явдлаас үүдээд оршин суугчид айдастай байгаагаа хэлж байсан юм. 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр уг барилгын доод талд гүний усны ундарга байдаг гэх бөгөөд оршин суугчид өөрсдийн аюулгүй байдлын үүднээс мэргэжлийн байгууллагаар дахин шалгуулах шаардлагатай байгаагаа илэрхийлж байгаа юм. 

Сануулахад, 2016 онд тус хотхоны оршин суугчид унданд хэрэглэх боломжгүй бохир, зэвтэй ус хэрэглэж байгаа талаараа олон нийтэд мэдээлж байсан бөгөөд тухайн үед иргэд СӨХ-нд гомдол гаргаж, айлуудын усны хоолойг сольж өгч байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.52) 2022 оны 07 сарын 21

Байшин барьж болохгүй цэвдэгтэй газар барьсан. Энэ хэсэгт намагтай л газар байсан даа. Нурах нь тодорхой л байх даа.

0  |  0
Top